Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Ганц модны боомтын тээвэрлэлт хэвийн түвшинд очлоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
 

Ганц модны боомтод үүссэн асуудлын талаар Гадаад Харилцааны дэд сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

-Ганц модны боомт дээр жолооч нар машинаа хааж тавьсны улмаас нүүрс болон зэсийн баяжмалын тээвэрлэлт саатсан тухай мэдээллүүд гарсан. Энэ юунаас болов?

-2018 оны 1 дүгээр сарын 8-наас эхлээд БНХАУ руу гарсан машинууд буцаад Монгол руу орж ирж чадахгүй, бүх тээвэрлэлт зогссон байсан. Шалтгаан нь БНХАУ-ын орон нутагт том оврын машин түрээсэлдэг компанийн эзэд, жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж, машинуудаараа зам таглаж тавьсан. Энэ нь тэнд ажиллаж буй хэсэг бүлэг хүмүүс, эзэд, компаниудын зохион байгуулсан ажиллагаа юм билээ. Тэмцэл хийж буй хүмүүс орон нутгийнхаа боомтын захиргаанд хэд хэдэн шаардлагуудыг тавьсан юм билээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар албан ёсоор тавьсан хүсэлт, шаардлага нь манайд ирээгүй. Үүнд БНХАУ-ын Засгийн газар оролцоогүй гэдгээ бидэнд мөн илэрхийлсэн.

-Өнөө өглөө буюу 1 дүгээр сарын 18-наас үүсээд байсан асуудал шийдэгдсэн тухай мэдээлэл авлаа. Одоо тээвэрлэлт хэвийн түвшинд очсон уу. Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-1 дүгээр сарын 10-наас хойш манай Гадаад Харилцааны Яам энэ асуудалд онцгой анхаарал тавьж, дипломат хүрээнд шаргуу ажилласан. Бид энд байгаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан бол Бээжинд буй манай Элчин сайдын яам, Хөх хот дахь Ерөнхий Консулын газар бүгд шат шатныхаа байгууллагуудтай уулзаж асуудлыг хурдан шийдвэрлэх хүсэлтээ илэрхийлсэн.

Учир нь 2017 оны 12 дугаар сард Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-н Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар айлчлах үеэрээ Ганц мод, Гашуунсухайтын боомт дээр үүсдэг асуудлуудыг шийдвэрлэх, машиных нь тоог нэмэгдүүлэх талаар тусгайлан ярилцаж, Ван И сайд биечлэн анхаарна гэсний үндсэн дээр тээвэрлэлт нэмэгдсэн байсан.

БНХАУ-ын тал хил дээр болж байгаа үйл явдалтай танилцаж, хүмүүстэй нь уулзаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд өнөө өглөөнөөс эхлээд байдал хэвийн, хоёр талдаа зам нь нээлттэй, бараа тээвэрлэлт урьдных шигээ үргэлжилж байна.

-Эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүс манайд албан ёсоор хандаагүй ч шалтгаангүй тийм үйл ажиллагаа зохион байгуулна гэж байхгүй. Тэдний шаардлага нь юу байсан юм бол?

-Зам таглаж тавьсан машины эзэд 12 зүйлтэй шаардлага гаргаж, түүнийгээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур аймгийнхаа боомтын захиргаанд хүргүүлсэн юм билээ. Тэр нь дээшээ уламжлагдаж албажсанаар манайд ирэх юм.

-Тухайн шаардлагын талаар урьдчилсан мэдээлэл авсан байгаа юу?

-Тавьж буй шаардлагуудынх нь талаар албан бус мэдээллийг сонссон. 

Тухайлбал Нэгдүгээрт, Монгол Улс шууд тээвэрлэлтийг зогсоосон нь хүндрэл учруулж байгаа бөгөөд бүх төрлийн тээврийг хөгжүүлэх,

Хоёрдугаарт, Тээвэр эрхлэлтийн зөвшөөрлийг Монгол Улс хязгаарласан тухай. Тээвэр эрхлэх зөвшөөрлийг олон машинд олгох,

Гуравдугаарт, Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд уян хатан бодлого баримтлах,

Дөрөвдүгээрт, Хөдөлмөр эрхлэлт болон тээвэрлэх үйл ажиллагаанд тэгш бус байдал оршиж байгаа бөгөөд үүнийг зохицуулах шаардлагууд тавьсан гэх албан бус мэдээлэл бий. 

-Үүссэн асуудалтай холбоотой Гадаад Харилцааны Яам ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Асуудлуудаа бидэнд албан ёсоор тавих ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэр хүмүүс мэдээж шалтгаангүй эсэргүүцэл, тэмцэл хийхгүй. Хэрэв тэнцвэртэй байдал шаардаж байгаа бол үүнийг бид хоёр талынхаа холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, ярилцаж шийдье гэсэн.

Хувийн машины эзэд, жолооч нар хууль дүрмээ зөрчсөн байдлаар, үймээн самуун гаргаж эсэргүүцсэн нь албан ёсны гэж үзэхэд хэцүү, ингэж асуудлыг шийдэхгүй. Хоёр улсын Гадаад Харилцааны сайд нарын түвшинд шийдсэн асуудлыг ингэж зогсоож байгаад нь бид харамсаж байна. Тиймээс үүнийг хэвийн журманд нь оруулж, асуудал байвал бидэнд албан ёсоор тавих хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн байгаа. Бидний саналыг хүлээн авсан. Ойрын хугацаанд хоёр талд Ажлын хэсэг байгуулагдаж асуудлыг ярих төлөвтэй байна.