Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: 2018-2019 онд нийслэл хотод хийгдэх БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД

Т.Өлзийбаяр, iKon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн удирдлагууд оролцсон "Хот ба сэтгүүлч" уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Уулзалтын үеэр 2018 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд танилцуулсан юм. 

Ингээд агаарын бохирдлын эсрэг болон боловсрол, эрүүл мэндийн салбарт нийслэлийн хэмжээнд ямар онцлох ажлууд хийгдэх талаарх мэдээллийг хүргэж байна. 

202,495 айлын утааг бууруулахад 10 жил хэрэгтэй

"2018 он бол утаатай тэмцэхэд шийдвэрлэх арга хэмжээ авах он болно. Утааг бууруулахын тулд бүх чиглэлээр тэмцэнэ. Яаж ч шүүмжилж байсан нэг хэсэгтээ зууханд галлахаас өөр арга байхгүй. 202,495 мянган гэр хороололд амьдарч байгаа айлын утааг бууруулахад 10 жил хэрэгтэй" Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ. 

Улаанбаатар хотод газ нэвтрүүлэх, орон сууцжуулах хоёр асуудал нь утааг бууруулах хамгийн эцсийн зорилт бөгөөд үүнд хүрэхийн тулд наана нь ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нэг бүрчлэн төлөвлөжээ. Агаарын чанарын бүсүүдэд нүүрсийг хориглох, үүний оронд нүүрсний үнэтэй дүйцэхүйц илүү сайн шаталттай түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг ажил хэрэг болгохоо хотын удирдлага дуулгалаа. 

2018 онд багтаад агаарын чанарын 1,2-р бүсэд цахилгаан хэрэглээг бий болгож, утаа гаргадаг эх үүсвэрийг хориглоно. 

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах агентлаг байгуулахаар төлөвлөжээ. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар удахгүй хэлэлцэж шийдвэрлэх аж. Уг агентлаг мэргэжлийн хяналтын түвшинд байцаагчийн эрхтэйгээр ажиллана. Хотуудын агаарын бохирдлоос гарсан туршлагууд нь захиргааны маш сайн акт хэрэглэдэгт оршдог байна. 

Эхний ээлжинд 500 орчим сая төгрөгийг шийдэж байж агаарын бохирдлоос гарч болох юм байна гэсэн тооцоог нийслэлээс хийжээ. 2018 онд 198 орчим тэрбумыг зарцуулах юм бол агаарын бохирдлыг бодитой шийднэ гэж тэд үзэж байна. 

Улаанбаатарын хотын шинэ төвийг Яармагт байгуулна

 
Гэрэл зургийг mpa.mn

Хотын ерөнхий төлөвлөгөөнд туссанаар Улаанбаатар хотын дагуул хотуудыг Багануур, Зуунмод, Налайх, Багахангай зэрэг байхаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын суурьшлыг гадагш нь тэлэх хэрэгтэй. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хотын төвөөс гарах гэж байгаа бөгөөд энэ асуудлыг 2018-2019 онд шийднэ гэдгийг хотын дарга онцоллоо. 

Улаанбаатарын хотын шинэ төв болох New down town-г Яармагт байгуулна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 33 агентлаг, улсын үйлдвэрийн газар гээд төрийн захиргаа, нутгийн захиргааны бүх байгууллагыг хотын шинэ төв рүү нүүлгэхээр дэд бүтцийн болон захиргааны шийдлүүдийг гаргажээ. 

Ингэснээр хотын төвөөс 3,500 албан хаагч хотын зах руу гарч, үйлчилгээ авдаг 30,000 орчим иргэн хотын төв рүү ирэх шаардлагагүй болно гэж үзэж байна. 

Мөн их дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэх асуудлыг шийдэхэд багш нарын орон сууц хамгийн гол асуудал болоод байгааг хэлж байв. Түүнчлэн Дархан-Уул аймагт Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа хүрээлэн байдаг. Энэ сургууль руу ХААИС-ын инженерийн сургууль болон агрономийн сургууль очих боломжтойг албаныхан тайлбарлалаа. 

2018 онд дэлхийн жишигт нийцсэн дүүргийн нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно

 
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод орчин үеийн оношилгоо эмчилгээний хоёр төв ашиглалтад орно. Нэг нь 2-р эмнэлгийн хажууд баригдаж байгаа үндэсний оношилгоо эмчилгээний төв бөгөөд 2018 оны эцэс гэхэд ашиглалтад орох юм байна. Хоёр дахь нь анагаах ухааны их сургуулийн дэргэдэх эмчилгээний төв ажээ. 

Мөн 2018 оны эцэс гэхэд дэлхийн жишигт нийцсэн дүүргийн нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно. 2019 оноос Чингэлтэй, Хан-Уул дүүрэг дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй болно. 

Хоёрдугаар төрөхийг Яармаг руу шилжүүлэхээр төлөвлөжээ. Хоёрдугаар төрөхийн газар дээр Улаанбаатар хотын хүүхдийн нэгдсэн амбулатори барина.

 Мөн Чингэлтэй дүүрэгт хүүхдийн нэгдсэн эмнэлэг барина. Дүүргийн эрүүл мэндийн төвийг одоогоос өөр байдлаар шийдэхийг хичээж байгаа бөгөөд цаашид нийслэлийн хэмжээнд дүүргийн 20 жишиг эмнэлэг барихаар төлөвлөөд байна. 

Энэ онд 52 цэцэрлэг 34 сургууль барина

2018 он Боловсролын салбарт томоохон өөрчлөлт авчрах жил гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн юм. Тэрбээр "Бид энэ онд улсын төсвөөр 52 цэцэрлэг 34 сургуулийн барилгыг шинээр барих буюу өргөтгөлийг барина. Жайка, БНХАУ, Азийн хөгжлийн банкны тусламж зэргээр сургуулиуд мөн баригдана. Сургууль барихад хүндрэлтэй зүйл нь газрын асуудал байгаа" гэлээ. 

Түүнчлэн хотын бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж. 

2019 оны хичээлийн жилд сургуулиуд хоёр ээлжинд шилжих боломжтой бөгөөд цаашдаа сургуулиудаа нэг ээлжинд шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа нийслэлийн удирдлагууд хэлж байв. 

Олон улсын жишгээр бол 100 хувь цэцэрлэгт хамрагдсан орон гэж байдаггүй бөгөөд дунджаар 85 хувь байдаг ажээ.