Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дэлгэрсайхан: Банкны системийг шинэ түвшинд гаргахын тулд эрх зүйн орчноо өөрчлөх шаардлагатай

ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. 

-Банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Хуулийн гол зохицуулалт нь төв банкны хяналтыг эрсдэлд суурилсан хэлбэр рүү шилжүүлэхийг зорьж байгаа. Хяналт, шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэр рүү шилжүүлэх шаардлагыг та хэрхэн харж байна вэ?

-Манай банкны системийн түхийг харвал нэлээд олон банк дампуурч байсан. Хамгийн сүүлийн хоёр банкны жишээг харахад асуудал нэлээд хүндэрсэн хойно Төв банк өөрийн эрх үүргээ хэрэгжүүлэх байдлаар явсан байдаг. Үүнээс болоод банкны системд эрсдэл, доргио үүсэх зэрэг олон сул тал үүсдэг. Тэгэхээр төв банкны хяналт банкийг хүндрэлд орохоос нь өмнө хяналтыг тогтоож, системийг тогтворжуулах хэлбэрээр зохион байгуулагдах нь зөв.

Банк дампуурахаас нь өмнө төв банк шат дараатай арга хэмжээ авч, урьдчилан сэргийлдэг тогтолцоог эрх зүйн орчиндоо суулгаж өгснөөр банк санхүүгийн салбарт гарах хүндрэл, өмнө нь гарч байсан дампуурлуудыг дахин давтахгүй байх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Үүний эерэг үр дагавар нь мэдээж, банкны систем өөрөө найдвартай, тогтвортой байх боломж бүрдэнэ. Үүнтэй холбоотойгоор нийт харилцагчдын банкны системд итгэх итгэл нэмэгдэх боломжтой. Нөгөө талаас төрд ирэх санхүүгийн зохицуулалтын зардал буурах боломжтой.

Сүүлийн хоёр удаагийн банкны дампуурлаар төр хэдэн зуун тэрбум төгрөгийг харилцах, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалахад зарцуулсан. Тэгэхээр энэ зардлыг бууруулах талаас нь харсан ч урьдчилсан хяналт руу шилжих нь зөв зүйтэй юм.

-Эрсдэлд суурилсан хяналт, шалгалт руу шилжихтэй холбоотойгоор төв банкнаас банкуудад очих хараа хяналт, эрх нэлээд нэмэгдэж байгаа. Энэ нь нэг талаас төв банк банкуудын үйл ажиллагаанд хэт оролцох нь гэх шүүмжлэлийг дагуулж байна. Гэхдээ төв банк эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хяналт, шалгалтын эрх хэмжээгээ ч нэмэгдүүлэх шаардлагатай шүү дээ... ?

-Шинэ хуулиар банкинд онцгой дэглэм тогтоохоос өмнө шат дараатай, сануулах арга хэмжээ авах, үйл ажиллагаанд нь оролцож эхлэх заалтууд бий. Бүрэн эрхт төлөөлөгчийг томилохоос өмнө шат дараатай хоёр арга хэмжээ цогцоороо орж ирж байгаа нь банкны хяналт, шалгалт, төв банкны эрх мэдлийг нэмэгдүүлэх байдлаар харагдаж байгаа. Гэхдээ үүний эцсийн үр дүн нь банкны үйл ажиллагаанд сөрөг биш, эерэг нөлөө үзүүлж байх ёстой. Ингэснээрээ банкны үйл ажиллагаанд дарамт болохгүй.

Харин эсрэгээрээ аливаа банкийг хүндрэлд орохоос урьдчилан сэргийлэх, аврах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Энэ утгаараа ач холбогдолтой. Гэхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотойгоор төлөвлөгөө, стратегийг нь өөрчлөх, банкны гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн эрх хэмжээ рүү шууд халдах зэрэг банкны дотоод үйл ажиллагаа руу хэт оролцсон ганц нэг заалт байхыг үгүйсгэхгүй. Энэ нь ашгийн төлөө хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хөндсөн нөхцөл байдал харагдаж байгаа. Тэгэхээр тодорхой заалтууд дээр төв банкны хяналт, шалгалтын эрх хэт нэмэгдэж байна уу л гэж харж байна.

Түүнээс бие ерөнхий агуулгаараа сануулах, тодорхой шат дараатай арга хэмжээ авах, төсөл төлөвлөгөөг нь хянах зэрэг бусад заалтуудын хувьд байх боломжтой. Ийм зүйл, заалтуудгүйгээр төв банк банкны системийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж байхгүй. Төв банкинд маш их үүрэг өгсөн бол тэр үүрэгт нь тохирох эрхийг олгох ёстой шүү дээ.

-Банк охин компанитай байх асуудлыг хязгаарлах шаардлагатай гэдгийг Их хурлын гишүүд хөндөж байгаа. Таны бодлоор банк дэргэдээ охин компанитай байх асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай юу?

-Олон улсын жишгийг харвал ихэнх улс орнууд арилжааны болон хөрөнгө оруулалтын банк гэсэн хоёр хэлбэртэй байна.  Арилжааны банкуудыг аль болох бизнесийн үйл ажиллагаанаас ангид байлгаж, хязгаарлалттай байлгахыг зорьдог. Банкны тухай хуульд 2010 онд орсон өөрчлөлтөөр арилжааны банк нь хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулах, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ хийх зэрэг эрхийг нь нээж өгсөн. Энэ нь нэг талаасаа эрсдэлийг нэмэгдүүлж өгч байгаа.

Арилжааны банк гэдэг нэг институци санхүүгийн зах зээлийн хоёр талбарт зэрэг ажиллах нь системийг хамарсан хямрал болоход хямралын нөлөөлөл, далайц улам нэмэгдэх сөрөг талтай байдаг нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхээс ч харагддаг. Жишээ нь 1929 оны хямралын дараа Америкчууд арилжааны банк, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг тус, тусад нь авч үзэх болсон. Нэг талд нь арилжааны банк буюу хадгаламж татах, зээл олгох, нөгөө талд зээлийн бус аргаар бизнесийг дэмждэг буюу хөрөнгө оруулалтын банк гэсэн хоёр тогтолцоотой болж, үүнийг холихгүйгээр 2000 он хүртэл явсан байдаг. Тэгэхээр одоо яригдаж байгаа хуулийн хүрээнд Банкны нэгдлийн тухай асуудалд нэлээд болгоомжтой хандах хэрэгтэй.

Ялангуяа арилжааны банкууд бизнесийн үйл ажиллагаатай шууд хутгалдах байдлыг хязгаарлах нь зүйтэй. Бүрэн хориглоход бас хэцүү. Өөр бизнес рүү орох эх үүсвэрийг нь ялгаж, салгаж өгөх хэрэгтэй. Банк ямар ч тохиолдолд харилцагчдын мөнгөөр бусад бизнес рүү орж болохгүй.

-Одоо үйлчилж байгаа хуулиараа цааш явах нь хэр их эрсдэл дагуулах бол?

-Одоо мөрдөгдөж байгаа хууль тийм ч муу биш. Гэхдээ бид ОУВС-тай тохиролцсоны дагуу банк, санхүүгийн эрх зүйн орчинд өөрчлөлт хийх ёстой. Нөгөөтэйгүүр зөвхөн ОУВС-гийн хөтөлбөрийн дагуу ч гэлтгүй, банк, санхүүгийн салбарт олон улсын жишигт нийцсэн удирдлага, хяналт, эрсдэлээс хамгаалах тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Банк, санхүүгийн системийг шинэ түвшинд гаргахын тулд бид эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох ёстой.

Өнөөгийн банкууд хэдийгээр хуулийн хүрээнд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа ч энэ нь банкны систем шаардлага хангахуйц түвшинд эрсдэлээ удирдаж, төв банкны хяналт, эрх зүйн зохицуулалт хангалттай сайн байна гэсэн үг биш.  Үүнийг сайжруулах шаардлагатай. Нөгөө талаас банкны салбарын үйл ажиллагааг бизнесийн байгууллага гэдэг утгаар нь чөлөөт өрсөлдөөнийг хэт хязгаарлахгүй байх талаас нь балансыг маш сайн барих хэрэгтэй.

Зөвхөн банк гэлтгүй манай санхүүгийн салбарын зохицуулалтыг харвал хэтэрхий эрсдэлээс хамгаалсан зохицуулалтууд хийснээс болж, тэр нь салбарын хөгжлийг тодорхой хэмжээнд хязгаарладаг тал бий. Үүнд л анхаарах хэрэгтэй.

-Банкны системийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ. Олон улсын түвшинд хүргэх шаардлага бий. Энэ шаардлагад хүрэхэд хуулийн өөрчлөлт ямар дэмжлэг үзүүлэх бол?

-Банкны систем сайн, муу хэлэгдсэн ч Монголын санхүүгийн системийн голлох ачааг үүрээд явж байгаа.  Гэхдээ сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас болоод банкны системд тодорхой сул талууд байгаа нь ажиглагдаж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор банкны системд валютын ханш болон зээлийн чанараас үүдэлтэй эрсдэл өндөр байна.

Бид үүнээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх механизмыг суулгаж авах шаардлагатай. Ийм нөхцөлд Төв банкны зүгээс болон арилжааны банкуудын түвшинд ч эрсдэлийн удирдлагаа сайжруулах, алсыг харсан менежментээ сайжруулах нь зүйтэй. Нөгөө талаас Монголын банкны үйлчилгээний хүртээмж дэлхийн жишигтэй харьцуулахад өндөр.

Нэг хүнд ногдох АТМ, банкны салбарын тоогоор өндөр байгаа. Үүн дээр бид үр ашгийн удирдлагаа нэмэгдүүлж, зардлыг бууруулах талаас нь анхаарах шаардлагатай гэж боддог. Түүнээс биш нийгэмд гараад байгаа шиг Монголын банкууд хэт өндөр хүү тогтоогоод, дангаараа шиг олж байна гэдэгтэй би санал нийлдэггүй. Бид тодорхой хэмжээнд хөгжиж чадсан. Гэхдээ хийх зүйл байна л гэж хэлье. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Эх сурвалж: Монголбанк