Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс Хятад, Пакистантай залгадаг хилийн хамгаалалтад зориулж их хэмжээний зэвсэг худалдаж авахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улс Хятад, Пакистантай маргаантай байдаг Хималайн хилийн цэргүүдэд зориулж 160,000 буу зэвсгийг $553 саяар худалдаж авахаар болсныг тус улсын батлан хамгаалах яам өчигдөр мэдээллээ.

Яамны бэлтгэн нийлүүлэлтийн зөвлөл 72,400 автомат буу, 93,985 карбин бууг 35 тэрбум рупигээр ($553 сая) авах хэлэлцээрийг дэмжсэн шийдвэр гаргажээ.

Дөнгөж зургаан сарын өмнө Энэтхэг, Хятад, Бутаны хил дээр сар гаруй хугацаанд үргэлжилсэн мөргөлдөөн үүсч байв.

Худалдаж авах зэвсэг нь “хил дээр алба хааж байгаа цэргүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилготой” гэж яам тайлбарлажээ.

Энэтхэгийн засгийн газар 2014 онд Нарендра Модиг ерөнхий сайд болсноос хойш хэд хэдэн томоохон зэвсгийн наймаа хийгээд байгаа. Тус улсыг дэлхийн хамгийн том зэвсэг импортлогч гэдэг. Хятад, Пакистан гэсэн цөмийн зэвсэгтэй, хоёр том хөрштэйгээ байнгын зөрчилтэй байдаг Энэтхэг улс Зөвлөлтийн үеийн хоцрогдсон зэвсэглэлээ шинэчлэх ажлыг эрчимтэй явуулж байгаа юм.

1962 онд Энэтхэг, Хятад улсууд маргаантай бүс нутагтаа богино хугацааны дайн хийж байсан түүхтэй. Зөвхөн Пакистантай хилийн маргаантай Кашмирийн бүс нутагт Энэтхэгийн 500,000 цэрэг байрладаг гэсэн тоо бий.

1947 онд Британий колоничлолоос гарсны дараа Кашмирийг Энэтхэг, Пакистан улсууд хувааж авсан ч бүхэлд нь өөрийн харьяа нутаг гэж аль аль нь үздэг юм.

Энэтхэг улс түүхэндээ Пакистантай гурван удаа дайтсаны хоёр нь Кашмиртай холбоотой байв.

 

Эх сурвалж: AFP