Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эм хүйстэн эр хүйстнээс илүү хүчирхэг, амьдрах чадвартай болохыг эрдэмтэд тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өвчин тахал, өлсгөлөн гамшиг болоход эм хүйстнүүд эр хүйстнээсээ илүү тэвчиж, амьд үлдэх чадвартай болохыг эрдэмтэд судалж тогтоожээ.

Ерөнхийдөө эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл сүүлийн 250 жилд дэлхийн янз бүрийн бүс нутагт тохиолдсон зовлон гамшгийн үед эм хүйстнүүд үргэлж эрчүүдээс илүү амьдрах чадвартай байсныг Хойд Каролинагийн Дюк их сургуулийн судлаачид тоо баримтаар тогтоосон байна.

Тухайлбал 1800-аад оны эхэн үед АНУ, Тринидад аралд боолчлогдож байсан бүлэг хүмүүс, 18, 19, 20 дугаар зуунуудад Швед, Ирланд, Украинд болсон өлсгөлөнд нэрвэгдэж байсан хүмүүс, 1846, 1882 онуудад Исландад дэгдсэн улаан бурхны тархалтын үед үлдсэн хүмүүс дээр энэ судалгааг хийсэн байна.

Дээрх бүх тохиолдолд эмэгтэйчүүд илүү урт насалж, илүү амьдрах чадвартай байжээ. Жишээ нь 1933 онд Украинд болсон их өлсгөлөнгийн үед мэндэлсэн охид 10.85 нас хүртлээ амьдарч байсан бол хөвгүүд дунджаар 7.3 нас хүртэл тэсэж байсан байна.

1820-1843 онд Америкаас чөлөөлөгдсөн боолуудыг Африкийн Либерид суурьшуулахад тэдний 43 хувь нь шилжиж ирсэн эхний жилдээ үхэж үрэгдэж байжээ. Энэ үед төрсөн охид 2.23 нас насалж байсан бол хөвгүүд 1.68 насалж байсан нь тоо баримтаас харагдсан байна.

“Бүх цаг үеийн турш, өөр өөр хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн амьдрах чадвар үргэлж давамгайлж байсан нь сонирхолтой” гэж судалгааг ахалсан Виржиниа Зарулли ярьжээ.

Зарулли үүний учир шалтгааныг эмэгтэйчүүдэд хос X хромосом байдаг, мөн тэдэнд эстриол даавар илүү байдагтай холбон тайлбарлаж байна.

“Энгийнээр тайлбарлахад Х хромосомын аль нэг нь өвчний улмаас өөрчлөгдвөл үлдсэн нэг нь орлох чадвартай. Харин эрчүүдэд ийм боломж байхгүй” гэж Зарулли ярьжээ. Мөн эмэгтэйчүүдэд байдаг эстриол даавар цусны бөөмсийг олон төрлийн өвчнөөс хамгаалах үйлчилгээтэй байдаг. Гэтэл эрчүүдэд давамгайлдаг тестостерон даавар догшин балмад зан авирын шалтгаан болдог нь тэднийг амь насандаа эрсдэлтэй алхам хийхэд хүргэдэг гэж үзжээ.

 

Эх сурвалж: The Guardian