Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрсдийн 13 хүүхдээ гавлан хорьж байсан Калифорний хосыг баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужийн эрх баригчид хоол тэжээлийн дутагдалд орж, турж эцсэн 13 хүүхдийг олж аварснаа өчигдөр буюу Даваа гарагт зарлажээ.

Тэднийг Лос Анжелес хотоос зүүн зүгт 113 км зайтай оршдог Перрис хот дахь гэрээс нь олсон байна.

Ням гарагт тэдний нэг болох 17 настай охин гэрээсээ оргож, цагдаад мэдэгдсэнээр хүүхдүүдийг олжээ. Турж, эцсэн охиныг цагдаа нар анх хараад 10 настай хүүхэд гэж бодсон байна.

Харанхуй, муухай үнэртэй өрөөнд 2-29 насны хүүхдүүдээ гав, гинжээр холбосон байжээ. Тэдний 6 нь бага насны, 7 нь 18-29 насны насанд хүрэгсэд байсан гэнэ.

Хүүхдүүдээ яагаад хорьж, зовоох болсныг эцэг эх нь тайлбарлаж чадахгүй байсан тул цагдаа нар даруй баривчилж, хүүхдүүдэд анхан шатны тусламж үзүүлжээ.

Хүүхдүүдийн эцэг 57 настай Дэвид Тюрпин, эх 49 настай Луйз Анна Тюрпин нарт хүүхэд тарчлаан зовоосон хэрэг тулган баривчилж, хорьсон байна.

Эцэг Дэвид Тюрпин нь 2011 онд Калифорний эрх баригчдаас хувийн дунд сургууль нээх зөвшөөрөл авч байсан баримт бүртгэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус сургууль нь нээгдсэн жилээ дампуурч, хаалгаа барьсан байжээ.

Одоогоор ийм хэрэг үйлдэх болсон учир шалтгааныг цагдаа нар мэдээлээгүй байна. Хосын шүүх хурал ирэх Пүрэв гарагт болохоор товлогджээ.

 

Эх сурвалж: Independent