Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бидний хэрэглэдэг Ибупрофен, Нурофен, Гроприносин эмүүд гаж нөлөөтэй юу?

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй Монголд том хүнийх Ибупрофен, хүүхдийнх Нурофен нэрээр худалдаалагддаг эм эрчүүдэд үргүйдэл үүсгэх магадлалтай болохыг эрдэмтэд тогтоосон талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Тус мэдээллийг Эрүүл мэндийн яам яаралтай анхааралдаа авч, шалгахыг иргэд хүсэж байсан юм.

Энэ талаар ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Эм зүйн ухааны доктор, профессор Д.Энхжаргалаас тодрууллаа.

 

Тэрбээр “Ибупрофен нь 1970-аад оноос хойш дэлхий нийтээр маш олон оронд хамгийн өргөн хэрэглэгдэж буй үрэвсэл намдаах эмийн бэлдмэл юм. Энэ бэлдмэл нь манай оронд ч мөн  200 мг, 400 мг, сироп, капсул гэх мэт хэд хэдэн тунгаар бүртгэгдсэн. 

Ибупрофен эм нь дэлхий даяар хангалттай их судлагдсан. Монгол оронд ч мөн нэлээн их судалгаа хийгдэж байсан. Зөвхөн Монголд гэхэд 10 гаруй үйлдвэрлэгчийн, 40 гаруй төрлийн ибупрофен хэрэглэгдэж байна. 

Ибупрофен эмийг хөгжингүй орнууд маш их хэрэглэдэг. Жишээ нь, Англи улсад ибупрофены хоногийн тун 2,400 мг, Америкт 3,200 мг, Монголд 1,200 мг-аар бодож хэрэглэдэг. 
Сүүлийн үед гарсан мэдээллийн дагуу манай мэргэжлийн зөвлөлийнхөн уншиж судалж үзсэн.

Ингээд судалж үзэхэд ибупрофен эмийн хэрэглэх зааварт бичигдсэн гаж нөлөөнөөс илүү гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэл бидэнд олдсонгүй.

ДЭМБ-аас гишүүн улс орнууддаа гаж нөлөө үзүүлсэн эмүүдийн талаар сэрэмжлүүлэг гаргадаг. 

Сүүлийн 5 жилийн байдлаар ибупрофен эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэсэн судалгаа хийгдсэн нотолгоо байхгүй байна. Мөн ДЭМБ-ын сэрэмжлүүлэгт ч энэ талаар гараагүй байна. 

Мөн бид судалж үзэхдээ гадны улс орнуудын лавлахуудыг ашигласан. Тус лавлахуудаас судлахад ибупрофен эм нь эрчүүдийг үргүйдүүлж байна гэсэн баримт, нотолгоо байхгүй байна. 

Гэхдээ энэ мэдээлэл ХМХ-ээр гарсан нь байж болох зүйл. Ер нь судалгаа нь нотолгоонд суурилсан, олон оронд зэрэг хийгдсэн, харилцан хүлээн зөвшөөрөгдсөн үр дүнтэй байх ёстой. 

Харин ХМХ-ээр гарсан мэдээлэл нь цөөн тооны тамирчдад хийсэн судалгааны дүн байсан. Тамирчид 42 хоногийн турш ибупрофеныг хэрэглэсэн байсан. Харин бид тус эмийг хамгийн дээд тал нь 5-7 хоног, тун шаардлагатай үед 14 хоног хэрэглэхээр заагдсан байдаг.

Яг энэ зааврын дагуу хэрэглэж байхад эмийн зааварт бичигдсэн гаж нөлөөнөөс илүү гаж нөлөө гарсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Тиймээс ийм зүйлд итгэж ямар нэгэн шийдвэр гаргуулахаар хандах нь буруу юм" гэв.

Гроприносин эмийг эмчийн заавар, зөвлөгөөгөөр хэрэглэж болно
 

Харин Гроприносин эмийн талаар ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, Ангаах ухааны доктор Б.Баясгалан дараах тайлбарыг хийлээ.

"Гроприносин гэдэг нь худалдааны нэршил. Энэхүү эмийн олон улсын нэршил нь инозин пранобекс юм. Монгол Улсын эмийн бүртгэлд 2011,2014 онд бүртгэгдсэн, жортой олгоддог бүлгийн эм.

Эмийн үйлчилгээ нь дархлааг дэмжиж, вирусийн үржлийг зогсоох юм. Улаан бурхны дэгдэлтийн үед гарсан хүүхдийн эмнэл зүйн удирдамжид гроприносин эмийг бага насны хүүхдэд дархлааг дэмжих зорилгоор хэрэглүүлнэ гэсэн заалт байдаг. Энэ заалтанд 50-100 мл/кг хэрэглэнэ гэсэн байдаг.

Одоо бол томууны улирал болж байна. Улирлын томуу өвчний эмнэл зүйн удирдамжид вирусийн эсрэг үйлчилгээгээр гроприносиныг хэрэглэнэ гэсэн заалт байхгүй. Гэхдээ эмчийн заавар, зөвлөгөөгөөр хэрэглэж болно. Одоогоор энэ эм нь сөрөг үр дагавар үзүүлсэн талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Ер нь эмийг аливаа нэг өвчний үед хэрэглэхдээ эмчлэгч эмч нь тухайн хүүхдийн биеийн байдал, шинж чанараас шалтгаалж ямар эмийг, ямар хугацаатай хэрэглэх вэ гэдгийг нь шийддэг. 

Нотолгоогүй, үндэслэлгүй эмийг хэрэглэж болно, болохгүй гэсэн мэдээллийг сошиал ертөнцөөр зарим хувийн эмнэлгийн эмч нар тарааж байгаа нь буруу юм" гэлээ.