Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Оросуудын архи тамхины хэрэглээ эрс багасжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Москвагийн эрх баригчдын архи, тамхины эсрэг тэмцэл үр дүнгээ өгч, ЗХУ задран унаснаас хойш хэрэглээ нь хамгийн доод хэмжээндээ хүрээд байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлжээ.

Хэдийгээр водка нь Оросын үндэсний билэг тэмдгүүдийн нэгт тооцогддог ч өнгөрсөн онд Оросууд Франц, Германы иргэдээс бага согтууруулах ундаа хэрэглэсэн байна.

Мөн тамхины хэрэглээ 2009-2016 оны хооронд 20 гаруй хувиар буурч, Оросын хүн амын 30 хувь нь л тамхи татдаг болжээ.

“Анх ямар байсантай нь харьцуулбал архи, тамхины хэрэглээ үнэхээр огцом буураад байна” хэмээн ДЭМБ-ын ОХУ дахь төлөөлөгч доктор Мелита Вуйнович хэвлэлд ярьжээ.

Хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл Орос улс ирэх арван жилийн дотор Скандинавын орнууд, Их Британитай харьцуулагдах хэмжээнд хүрнэ гэж тэр хэлсэн байна.

Хамгийн сүүлийн ДЭМБ-ын тоо баримтаар Оросын насанд хүрсэн иргэн бүр жилд 12.2 литр цэвэр спирт хэрэглэсэн нь харагджээ. Энэ нь 2012 оныхоос 20 хувь орчим буурсан үзүүлэлт бөгөөд Франц (13.3 л), Герман (13.4л) улсуудын түвшнээс багад тооцогдож байна.

Сүүлийн 13 жилийн хугацаанд эрх баригчид нийтийн эрүүл мэндийг сайжруулж, иргэдийн наслалтыг уртасгахын тулд олон арга хэмжээ авсан. Тухайлбал оройн 11 цагаас хойш согтууруулах ундаа зарахыг хориглож, архины үнийн доод хэмжээг тогтоож, хэвлэл мэдээллийн сурталчилгааг нэмэгдүүлсэн юм.

“Бусад улсад ямар арга үр дүнтэй байна, тэр нь энд ч бас хэрэгжиж болж байна. Уух нь манай үндэсний соёл гэж өөрийгөө өмөөрдөг олон орон байдаг. Гэхдээ энэ нь домог төдий зүйл гэдгийг энд баталж байна” хэмээн Вуйнович ярьж байна.

1990 онд Орост нэг хүнд ноогдох хатуу ундааны хэмжээ 12 литрээс бага байсан нь Зөвлөлтийн сүүлчийн удирдагч Михайл Горбачевын явуулж байсан тэмцэлтэй холбоотой. Гэвч ЗХУ задарснаас хойш 2007 он хүртэл хэрэглээ нь огцом өссөн гэдэг.

Хайрцаг тамхины үнэ Орост $2 орчим буюу Европын түвшнээс бага байгаа хэдий ч тамхидалтыг хязгаарлах бодлого нь “дэлхийн хамгийн шилдэг” арга хэмжээнүүдийн нэгт тооцогдохуйц байгаагаас үр дүнтэй байна гэж Вуйнович магтжээ.

Одоо Оросын эрүүл мэндийн яам 2014 оноос хойш төрсөн иргэдэд тамхи зарахыг хууль бус хэрэгт тооцох илүү хатуу санал боловсруулаад байна. Иргэд нь эрүүл мэнддээ илүү анхаарал тавьдаг болж, фитнес, бие бялдраа арчлах, хөгжүүлэхэд ач холбогдол өгдөг соёл улам бүр тэлж байгааг Москвагийн албаныхан мөн баталж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP