Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: Иргэдийн амыг халамжаар хаасан учир тэд дуугарахгүй байна

Б.Номин, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 16
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-УИХ-ын чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ хуулийн гол өөрчлөлтүүд нь юу вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх тухайгаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ онц байдал зарлах тогтоолын төслийг орлуулж ирсэн. Харамсалтай нь, утааг бууруулах чиглэл рүү биш нэлээд өргөн хүрээг хамруулж, нийгмийн анхаарлыг утаанд хандуулах гэсэн Ерөнхийлөгчийн зарлигийг саармагжуулсан. Үе үеийн Засгийн газар, УИХ ийм л ажил хийж байсан. Ийм ажлуудыг л хийж байгаа. Энэ хүрээнд мөн Агаарын тухай хууль оруулж ирсэн.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2015 онд татан буулгасан “Цэвэр агаар" сангийн үйл ажиллагааг дахин сэргээх асуудал орж ирж байгаа юм. Би зарчмын хувьд өөр байр суурьтай байна. Учир нь “Цэвэр агаар сан” нь хариуцлагын хувьд агентлагаас доогуур төвшинд байдаг. Гэтэл утааны асуудал манай улсын хамгийн эхэнд шийдэх асуудал болоод байна. Ийм байхад хариуцсан агентлагийг яагаад байгуулж болохгүй гэж.

Багахан зардал гаргаж, утааг хариуцсан агентлаг байгуулан, хариуцлагатай үйл ажиллагаа явуулснаар эцэст нь хариуцлага тооцдог субъекттэй болохгүй бол санд хариуцлага тооцож чадахааргүй болчихсон байна. Тиймээс агентлаг байгуулах ёстой гэж үзэж байгаа юм. Социализмын үед материал техникийн бааз байгуулахын тулд Ойн модны яам гэж байгуулж байсан. Өөрөөр хэлбэл, тэр яам мод тайрах л үүрэгтэй. Малчдын хашаа, хороо барих аль эсвэл төв суурин газар байгуулахын тулд мод тайрах л үүрэгтэй.

Тэгэхээр зорилгодоо зориулж яам, агентлаг байгуулж байсан туршлага байгаа юм. Түүнчлэн, Усны яам гэж байгуулж байсан. Малыг 25 сая толгойд хүргэхийг тулд, худаг байгуулж, худгаа барихдаа усны яам гэж байгуулж байсан. Ус хамгаалах нь тэдний 10 дугаар зорилго нь.

Монгол Улсад хэрэгтэй зорилгодоо зориулсан, тусгайлсан бүтэц, яам, агентлаг байгуулдаг туршлага байгаа юм. Энэ жишгээр байгуулъя л гэж байгаа юм. Өнгөрсөн 20 жилд яасан бэ гэхээр. Нэг бол хотын захиргаа үгүй бол Цэвэр агаар сан, Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам хариуцах ёстой юм шиг тал талдаа хариуцах эзэнгүй байсан. Иймээс утаа өнөөдрийг хүртэл буурахгүй байна.

-Агентлаг байгуулснаар агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө гэсэн үг үү?

-Гол нь хариуцлага хүлээх хүнтэй болох байхгүй юу. Өнөөдрийн бахь байдгаараа байвал, бид дараа жил “Утаа яагаад буурсангүй вэ” гэж Ерөнхий сайдаас, яамны сайдаас, хотын захирагчаас, Цэвэр агаар сангийн захирлаас асууна. Ийм олон субъектээс асуухаар бүгд бие бие рүүгээ чихэж, хариуцлага тооцох хүнгүй болж хувирдаг.

-Утааг бууруулахад гишүүдийн зүгээс зуух тараах, цахилгаан халаалт, орон сууцжуулалт гэх мэтээр олон шийдэл хэлж байна. Таны хувьд эдгээрээс аль шийдэл нь зөв гэж үзэж байгаа вэ?

-Иргэдийг орон сууцжуулна гэвэл бидэнд есөн их наяд төгрөг хэрэгтэй. Бидэнд тийм их төсөв, санхүүжилт байхгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэгчлэн байгаадаа тааруулж, ажлаа зохицуулах ёстой. Ардчилсан намын үед хэрэгжүүлсэн ‘Сайн хашаа” хөтөлбөр утааг шийдэхэд дөхөмтэй шийдэл байсан. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийн хүрээнд маш бага хувийн хүүтэй, 15 сая хүртэлх төгрөгийн зээлийг хашааны эзэн авч, 20 жилийн хугацаанд төлөхөөр байсан.

Авсан зээлээрээ орчин үеийн аргаар гэрээ халаах боломжийг шийдэх байсан юм. Зарим хувийг нь мөн төрөөс гаргах боломжтой. Энэ мэтээр шийдэх боломжтой байсан. Харамсалтай нь, МАН гарч ирснээр байхгүй болгосон. Өнөөдөр эдийн засаг хангалттай сайн, том болоогүй байна. Бүх асуудлаа шийдэх хэмжээнд очоогүй байна.

Тийм учраас бид инженерийн дэд бүтцийг хэсэгчлэн явуулах, зуухаа тараах, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг асуудлаа хамтад нь хийх ёстой. Утааны эсрэг зуухаа тараах нь зөв, гэрээ дулаалах нь ч зөв, бүгд зөв. Гэхдээ хөрөнгө, санхүүжилтээ сарниулж, хамаагүй цацаж болохгүй. Аль нь илүү үр дүнтэй байна. Түүнийгээ хэрэгжүүлэх нь зүйтэй.

-Он гарснаас хойш хэд хэдэн төрлийн татвар нэмэгдсэн. Зарим гишүүдийн хувьд өндөр орлоготой иргэдээс татвар авч, бага орлоготой иргэдэд халамж хэлбэрээр өгч байна гэж байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үүний тулд МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрийг сануулах ёстой. Мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэж ард түмэндээ амлаж, гарч ирсэн. Гэтэл 2017 оны дөрөвдүгээр сард долоон төрлийн татвар нэмсэн. Дээрээс нь тэтгэврийн насыг уртасгасан. Ард түмэнд хортой шийдвэрүүдийг гаргаж байгаа. Энэ долоон төрлийн татварыг нэмэхдээ ОУВС зайлшгүй нэм, үгүй бол хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй гэсэн шалтгаан хэлсэн.

Гэтэл оны эцэст хоёр төрлийн татварыг шалтгаангүйгээр нэмлээ. Үүнийг ОУВС-гийн ямар нэг захирамжгүйгээр хийсэн. Энэ удаагийн татварын нэмэгдлийг нам бие дааж гаргасан гэж үзэж байна. Манай нам ч МАН-ыг ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө зөрчсөн гэж үзэж байгаа. Ер нь нийт ард түмэндээ хэлэхэд, иргэд асуудал өөрт нь тулгарахаар уур бухимдал болдог байдал ажиглагдаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард татвар нэмнэ гэхэд АН-ын есөн гишүүн эсэргүүцэл илэрхийлж, нийгэмд дуу хоолойгоо хүргэх гэж оролдсон.

Тэр үед чимээгүй байсан ард түмэн сая цалингаас нь Нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татвар авч, халаасанд нь нөлөөлөөд ирэнгүүт дуу орж байгаа нь буруу. УИХ-аас гарч байгаа шийдвэр, хууль бүр ард түмний амьдралын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулдаг. Ийм учир гарч байгаа шийдвэрийг хэрэгжиж эхлэхээр нь биш, хэлэлцэж, баталж байх үед нь дуу хоолойгоо хүргэх нь зөв шүү. Одоогоор есөн төрлийн татвар нэмэгдсэн байгаа. Шатахууны татвар нь хүн бүрийн амьдралд нөлөөлдөг.

Өргөн хэрэглээний үнэнд нөлөөлдөг. Баруун аймгуудад амьдарч байгаа иргэдэд илүү хүндээр тусдаг татвар. Иймээс иргэдийн амьдралд маш их хор, хохирол учруулж байгаа. Түүнчлэн бидний ярьж байгаа дундаж амьдрал-тай 70 мянган иргэн Монгол Улсыг чирч явдаг. Энэ хүмүүсээ ядуу бай, бусадтайгаа адил бай гээд татвар авч байгаа нь буруу. Эдгээр хүмүүс ийм хэмжээний цалин авахыг тулд хамгийн өндөр үнэтэй сургуульд сурч боловсрол эзэмшиж байгаа. Ингэж боловсрол эзэмшсэнийхээ төлөө яагаад бусадтай адил бага цалин авч, татвар хураалгах ёстой юм бэ.

Ер нь хараад байхад есөн төрлийн татварын нэмэгдлийг хувийн хэвшлийнхэн маш их эсэргүүцэж байгаа. Бусад хүмүүс дуугарахгүй байгаа. Яагаад ярихгүй байгаа юм бэ. Яагаад гэвэл бусад хүмүүсийн амыг халамжаар хааж байна. 2016 онд AH 276 тэрбум төгрөгийн халамжийн бодлого явуулж байсан бол 2018 онд 777.8 тэрбум төгрөгийг улс даяар тарааж байна. 507.8 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой", “Эрдэнэт” аль эсвэл говийн халуунд ажиллаж, хоёр сая, түүнээс илүү төгрөгийн цалинтай нөхрөөс нь татвар нэмж авч байна. Нөхрийнх нь халааснаас татвар хурааж авч, эхнэрт нь 50 мянган төгрөг өгчихөөр эхнэр нь нөхрийнхөө амыг хааж байна. Нэгнийх нь амаар нөгөөгийнх нь амыг хаадаг халамжийн бодлогоор Монгол Улсын ард иргэдийн амыг хааж болохгүй.

Үүний оронд томоохон төслүүдээ дэмжих ёстой. Тэгж байж бид илүү амжилттай явна. Татварын орлого сүүлийн хоёр жилд дараалан нэг их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Татварын орлогыг давуулан биелүүлээд байхад яагаад татвар нэмээд байгаа юм бэ. Ойлгомжгүй зүйл гэж харж байна.

-Таны хувьд халамжийг хавтгайруулж байна гэж үзэж байгаа юм байна. Гэтэл танай намын бүлгийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэдэг байр суурьтай байгаа. Энэ байр суурьтай хэрхэн зохицох юм бол. Хүүхдийн мөнгө халамжийн нэг төрөл юм биш үү?

-Хүүхдийн мөнгө бол халамж биш. Би тодорхой хэлье. Хүүхдийн мөнгө бол хүнээ өсгөх монгол бодлого.

-Тэгвэл “Цалинтай ээж” хөтөлбөр ч бас нэг талаараа хүнээ өсгөх бодлого болно шүү дээ?

-“Цалинтай ээж” хөтөлбөрийг удаан үргэлжлэхгүй байгаасай гэж бодож байгаа. Сүүлийн жилүүдэд цэцэрлэг нэлээд баригдаж байгаа. Ирэх жил гэхэд 100 гаруй цэцэрлэг барина. Тэгэхээр энэ хөтөлбөрийг урт хугацаанд битгий хэрэгжээсэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэхээр залуу хүмүүс ажил хийх боломж нээгдэнэ.

-Чуулганы хуралдаанаар Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр та Д.Дамба-Очир гишүүнийг нэлээд шүүмжилсэн. Тухайлбал, банкны зээлээ улсаар төлүүлэхийн тулд Д.Дамба-Очир гишүүн Монголбанкны хэт эрх мэдэл төвлөрүүлэх гэсэн хуулиудыг хаацайлж байна гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Төв банкны хууль нэлээд асуудалтай хууль байгаа юм. Хэт эрх мэдлийг өөртөө авах гэсэн. Мөн Монголбанк мөнгөний бодлогоор бие даасан шийдвэр гаргах, төгрөгийн ханшийг тогтвортой, инфляцыг хэвийн төвшинд байлгах үүрэгтэй. Энэ үүргүүдээ улс төрөөс ангид байдлаар биелүүлэх ёстой. Гэтэл улс төрийн нөлөөлөлд орох нөхцөл байдал бий боллоо. Өөрөөр хэлбэл, өмнө нь Монголбанкны удирдлага мөнгөний бодлогын асуудлаар дангаараа шийдвэр гаргадаг байсан бол одоо Мөнгөний бодлогын зөвлөл байгуулж хамтран шийдвэр гаргадаг болж байгаа.

Аливаа буруу шийдвэр гаргавал хариуцлагаас бултах гэсэн арга. Хоёрдугаарт, Монголбанкны удирдах ажилтнууд үйл ажиллагаа явуулсныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт оруулж ирсэн. Энэ бол хүн хуулийн өмнө эрх тэгш байхаас ухарсан хэрэг юм. Тиймээс энэ заалтыг Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр татаж, хууль санаачлагчид нь буцаасан байгаа. Мөн эрх мэдлээ хэт их болгох гэсэн нэг жишээ нь, Монголбанкны ерөнхийлөгч тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар нь ажлаа өгсний дараа хоёр жилийн хугацаанд амьдралын төвшинг ажил хийж байсан үеийнхээс нь бууруулахгүй гэсэн заалт оруулж ирсэн.

Тиймээс бид үүнийг буцаасан. Монголбанкны эрх мэдлээ хэт төвлөрүүлэх гэсэн эдгээр заалтыг Д.Дамба-Очир гишүүн нэлээд хаацайлсан. Үүнийг нь би шүүмжилсэн. Д.Дамба-Очир гишүүн Лүн сум руу авто зам тавихдаа “Анод” банкнаас зээл авсан ч буцааж төлөөгүй. Үүнээс болж “Анод банк” хүнд байдалд орсныг хүн бүр мэднэ. Ийм асуудлаас болж шүүмжилсэн тал бий. Мөн Банкны тухай хуулийг том пиартайгаар оруулж ирсэн. Тухайлбал, Банкны тухай хуулийг хэлэлцээд баталбал банкны зээлийн хүү буурна гэж байсан. Гэтэл яг хуулийн заалтдаа хүү бууруулах тухай үг, утга агуулга огт байхгүй.

Мөн энэ хуулийг Хууль, тогтоомжийн тухай хуулийг зөрчиж оруулж ирсэн. Энэ хууль 273 зүйл заалттай. Үүний 190-д нь өөрчлөлт оруулж байгаа. Хэрвээ хуулийн зүйл заалтын 50-иас дээш хувьд нь өөрчлөлт оруулахаар бол шинэчилсэн найруулгаар хуулийн төсөл боловсруулах ёстой гэсэн байдаг. Энэ заалтыг зөрчиж хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан.

Үүнд хариуцлага тооцуулахаар УИХ-ын дарга М.Энхболдод бичиг хүргүүлсэн боловч, “Хуулийн дагуу байна” гэсэн хариу ирсэн. Энэ хуулийг УИХ-аар хэлэлцвэл би Хууль тогтоомжийн тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана.

Зураг