Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хавайд пуужингийн цохилтын хуурамч түгшүүр зарласан ажилтныг өөр ажилд томилжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагийн өглөөний 8:00 цагт АНУ-ын нэг муж улс болох Хавайн арлын оршин суугчид пуужингийн цохилт айсуй тул хоргодох байранд орох анхааруулгыг гар утас болон телевизийн сувгаар хүлээж авсан юм.

Гэвч 38 минутын дараа уг түгшүүр нь хуурамч болохыг залруулжээ. Хавайн иргэний хамгаалалтын газрын нэгэн ажилтан шөнийн ээлжээс буухдаа санамсаргүй алдаа гаргаж, түгшүүрийн дохио өгсөн байна.

Иргэний хамгаалалтын газрын дарга Верн Мияги алдаа гаргасан ажилтан айж, цочролд ороод байгаа тул өөр ажилд шилжүүлсэн, гэхдээ түүнийг халах төлөвлөгөөгүй байгааг тухайн өдөр болсон хэвлэлийн хурал дээр мэдээлжээ.

Түүний тайлбарласнаар компьютерийн системд нь доош задардаг цэс байдаг бөгөөд түүнд нь “Test missile alert” (пуужингийн түгшүүрийг турших), “Missile alert” (пуужингийн түгшүүр зарлах) гэсэн төстэй хоёр комманд байрладаг гэнэ.

Ээлжээс буухдаа ажилтан турших товчийг дарж, хэвийн ажиллаж байгааг харуулан дараагийн ажилтанд хүлээлгэж өгөх ёстой байжээ.

Харин энэ явдлын дараа иргэний хамгаалалтын газар дээрх коммандыг хоёр шатны баталгаажуулалттай болгон сайжруулсан гэдгийг мэдээлсэн юм. Тодруулбал уг коммандыг идэвхжүүлэх гэвэл “Are you sure you want to do this?” гэсэн асуултыг дахин асуудаг болгожээ.

Хавайн арлын захиргаа дахин ийм алдаа хэзээ ч гаргахгүй гэсэн амлалтыг иргэддээ өгсөн байна.

 

Эх сурвалж: Business Insider