Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шамбарам өвчний үед айж ичсэнээсээ болж хүндрүүлээд ирж байна

Э.Мөнхзаяа
2018 оны 1 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг

Сүүлийн үед шамбарам буюу монголчуудын хэлж заншсанаар цагаан мах эргэх өвчин улам залуужих болсон.

Хүнд хэдий зовуурьтай ч хэлэхэд ичмээр санагддаг энэ өвчний тухай, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, мэс засал эмчилгээний талаар “Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэс заслын клиникийн эрхлэгч ахлах зэргийн эмч М.Алтанхуягтай ярилцлаа.

-Шамбарам буюу цагаан мах эргэх өвчин гэж юу вэ? Монголчууд суугаа ажил хийх нь нэмэгдсэнээс хойш шамбарам өвчин ихсэж байна гэж ярих болсон. Энэ талаар та эмч хүний хувьд юу гэж боддог вэ?

-Шамбарам гэдэг нь бүдүүн шулуун гэдэсний салстын доор байрласан венийн судасны зангилаа өргөсөж гарч ирэх байдлаар илэрдэг өвчин юм.

Энэ өвчнийг зэрэглэлээр нь нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр зэрэглэл гэж дөрөв ангилдаг.

Нэгдүгээр зэргийн хувьд илэрч болох шинж тэмдэг нь хүндээр бие зассаны дараа хошногоны амсар руу манайхны хэлж заншсанаар цагаан мах эргэдэг. Энэ нь өргөссөн судасны зангилаа гарч ирээд эргээд орчихдог үзэгдэл. Хааяа нэг арчих төдий цус гарч болно. Өргөссөн судас учраас өтгөн гадагшлах явцдаа судасны ханыг гэмтээгээд цус гарах шинж тэмдэг илэрдэг гэсэн үг.

Хоёрдугаар зэргийн үед өргөссөн судасны зангилаа наашаа гарч ирэхэд хуруугаараа чихээд оруулчхаж болдог. Өөрөөр хэлбэл өөрөө эхлээд буцаад орчихдог байсан бол одоо орохгүй болно гэсэн үг. Нэг, хоёрдугаар зэрэгт эмийн эмчилгээ, ахуйн дэглэм, хувь хүний өөрийнх нь баримталж байгаа гэр ахуйн дэглэм зэргээр мөн хэсгийн хатаах тариа ч лаа эмчилгээгээр эмчилж болдог.

Гуравдугаар зэргийн хувьд эргэж гарч ирсэн зангилаа хуруугаараа чихээд орсон ч буцаж гарч ирээд түлхээд байдаг. Нэг ёсондоо хошногоны амсрын эргэн тойронд гарч ирэх хэлбэрээр илэрч болно.

Дөрөвдүгээр зэрэгт дээр нь хүндрэл үүсэж, давхар цус алдаж эхэлдэг. Энэ үед хошногоны амсар шулуун гэдэсний салстын зангилаатайгаа хамт тэр чигтээ урваж гарч ирдэг. Нэлээд хүндэрдэг хэлбэрээр. Гурав болон дөрөвдүгээр зэрэгт төгс эмчилгээний арга нь мэс заслын эмчилгээ юм. Мэс заслаар уламжлалт буюу зангилааг авах, гол судсыг туслах багажны тусламжтай нь угаар нь боох зэрэг арга хэмжээ авч болно. Тусгай зориулалтын тайрагч аппарат ашиглаад шамбармын зангилааг авах зэрэг мэс заслууд байдаг.

-Хүмүүс мэс заслын эмчилгээ хийнэ гэхээр айгаад зугтаад байдаг. Энэ төрлийн мэс засал хийгдсэнээр бүрэн төгс эдгэрэх үү?

-Мэс заслын эмчилгээ хийгдсэнээр дээрх өвчин ул мөргүй төгс эдгэрнэ. Монголчуудын нийтлэг үзэгдэл нь хагалгаанаас айдаг байдал. Энэ нь айгаад байхаар зүйл биш. Бүрэн өвдөлтгүй болгож байгаад мэс заслыг хийдэг. 7-10 хоногийн дараа эдгэрч дуусдаг. Гэтэл манайхан хүндрүүлээд, цус алдуулаад, хагалгаа хийлгэнэ гэхээс айгаад янз бүрийн эм хэрэглээд өөр өөрийн арга хэмжээ аваад яваад байдаг.

Тухайлбал, лазер эмчилгээ, мэс заслын бус эмчилгээ хийнэ гээд асар өндөр үнэтэй, цаг зав, мөнгө үрсэн үйлчилгээг авснаас сүүлдээ мэс засалд орохоос өөр аргагүй болоод эмнэлэгт ханддаг. Манай эмнэлэгт л гэхэд тиймэрхүү маягаар хүмүүс олон ирж, мэс засалд орж байна. Ер нь л ихэвчлэн гурав, дөрөвдүгээр зэрэг рүү орчихсон, хүндэрчихсэн үедээ ирээд хагалгаанд ороод асуудлаа шийддэг. Хагалгааны өртөг ч гэсэн дийлэнх иргэдийн дундаж амьжиргааны түвшинд таарсан байдаг.

-Шамбармын мэс засал хийлгэсний дараа хүмүүс эдгэх нь их удаан, хоол унд идэхэд хэцүү байдаг, дараа нь өтгөнөө яаж гаргана аа гэхээс айгаад байдаг шүү дээ?

-Шамбармын мэс засал хийлгэсний дараа хүндрэх явцад тухайн хүндээ өвдөлт өгдөг байсан. Ер нь хошного, шулуун гэдэс орчмоор мэдрэлжилт ихтэй байдаг.Хүмүүс мэдэх байх.хошногоныхоо амсар руу хуруугаа хийгээд үзэхээр өвдөлт өгдөг эвгүй оргидог. Мэдээж тийм болохоор хагалгаа хийлгэсний дараа эвгүй, эмзэг байх нь ойлгомжтой. Булчин, давхарга ороод ирэхээрээ тийм хүчтэй өвдөлтийг өгдөг гэсэн үг.

Тэгвэл өдгөө мэс заслыг салстынхаа түвшинд хийгддэг болсон учраас ямар нэгэн өвдөлт егөх нь хуучин хагалгаанаас 60-70 хувиар багасчихсан гэж ойлгож болно. Дээр нь анусны амсар өөрөө өтгөн гадагшилдаг бохир орчин байдаг. Тэгэхээр хагалгаа хийлгэсэн шарх нь гадагшилж буй өтгөний бактериар бохирлогддог. Гэхдээ шулуун гэдэс орчим нь өөрөө өөрийгөө цэвэршүүлэх механизмтай. Тиймээс эрүүл шархыг бодвол 7-10 хоногт эдгэрдэг. Цэвэр, эрүүл шарх бол хагалгааны дараа нэгээс хоёр хоногт эдгэрэлт явагдаад эхэлчихдэг.

-Гурав, дөрөвдүгээр үедээ мэс заслын эмчилгээ хийлгэхгүй яваад байвал ямар сөрөг үр дагавартай бол?

-Гурав, дөрөвдүгээр үедээ шамбармын зангилаа эргэн тойрондоо улам л нэмэгдэж гарна. Хүндэрсний дараа өнөөх өргөссөн судасны хана нь хагарч, цус гоожиж эхэлдэг. Крантнаас ус гоожиж байгаа юм шиг дусалж гарч болно. Сүүлдээ шприцээр шүршиж байгаа юм шиг гарч эхэлнэ. Энэ нь хүн болгонд харилцан адилгүй байдлаар илэрдэг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол цус алдах магадлал өндөр тэсвэрлэх чанар муутай байдаг болохоор энэ үед эрчүүд цус багадалтад амархан орчихдог.

Үүний улмаас царай цонхийх, амархан ядрах, хүйтэн хөлс гарах, ажил хийх чадамж муудах, толгой эргэх, нүд харанхуйлах гэх зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Тиймээс яаралтай хагалгаанд орж дээрх асуудлуудыг шийдэх ёстой.

-Шамбармыг хүндэрсэн үед нь мэс заслаас өөр аргаар эмчилж болно гэсэн дам яриа их явдаг шүү дээ. Энэ нь хэр үнэний ортой бол?

-Гол нь иргэд энэ өвчний талаар тодорхой ойлголттой байх юм бол эдгээх арга зам нь амар. Харамсалтай нь өвчний тухай ямар ч ойлголтгүй, дээрээс нь сошиал орчин хөгжсөн энэ үед хэрэгцээтэй, хэрэгцээгүй олон мэдээлэл авдаг болжээ. Ингээд бие биеийнхээ амнаас ам дамжсан мэдээллээр эдгээх гэж оролдож байна. Тэгсээр байгаад асуудал хүндэрч, эмнэлэгт хандахаас өөр аргагүй болж байна.

Тухайлбал янз бүрийн ургамлын гаралтай бүтээгдэхүүн шулуун гэдэс орчимдоо хэрэглэж байна. Бүр шамбармаас урьдчилан сэргийлэх дэр ч байх жишээтэй. Үүнийг бодит байдал дээр солиорол л гэж хэлнэ. Ийм зүйл байж болохгүй.

Цагаан мах бол дотуур хувцас орчмыг бохирдуулж, ялгадас, шүүс гарах, загатнах, хорсох, эвгүй оргих, цус алдах зэрэг зовуурь үүсгэдэг өвчин. Хошного, шулуун гэдэс орчимд тохиолддог өвчин учраас санаа зовж, ичих байдлаар үзүүлэхээс санаа нь зовоод байдаг. Мэргэжлийн эмчид аль болох эрт хандаж, элдэв юм хэрэглэхгүйгээр хэддүгээр үе дээр байна вэ гэдгээ тодруулаад, тохирох эмчилгээндээ орох юм бол урьдчилан сэргийлэх, эмчлэгдэх бололцоо өндөр шүү дээ.

-Ер нь шамбармаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ. Ажил амралтын дэглэмээ хэрхэн зохицуулах вэ?

-Шамбарам үүсдэг шалтгаан бол суугаа байдал, хэвлийн хөндийн даралт ихдэх үед үүсэж болдог. Тэр нь юу вэ гэхээр өтгөн хаталттай хүмүүс байж болно. Өтгөнөө гаргахын тулд маш их хэмжээгээр дүлэлт өгдөг. Эмэгтэйчүүдэд ихэнхдээ тохиолддог нь жирэмсний үед умай томрохын хэрээр хэвлэлийн хөндийн даралт ихсэж, шулуун гэдэс орчимд ирж байгаа судасны даралт нэмэгддэг. Үүнтэй холбоотой шамбармын зангилаа үүсэж эхэлдэг.

Мэргэжлийн шалтгааны хувьд жолооч нар, зөөлөн сандал дээр удаан хугацаанд суудаг мэргэжлийн хүмүүс өртөх эрсдэл их. Компьютерийн ард суудаг олон цагаар суудаг хүмүүс ч энд багтана. Энэ үед хошного, шулуун гэдэс орчимд эргэлдэж байгаа цусны урсгал саатаад зогсож эхэлдэг. Үүний улмаас венийн судасны ханын даралт үүсэж, тэлэгдэлт өгч эхэлдэг. Дараа нь венийн судсан доторх хавхлаганы гэмтэл үүсэж шамбармын зангилаа үүсээд томордог. Ерөнхийдөө энэ өвчин нь хөгжиж буй орнуудад тохиолддог өвчин.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэхээр хошного хумигч булчингаа чангалах буюу хошногоны амсрыг умалзуулах дасгалыг хийх хэрэгтэй. Удаан хугацаанд суугаа ажил хийхгүй байх ёстой. Жирэмсэн байх үедээ хошного, шулуун гэдэс орчмын массаж, булчингийн хөдөлгөөнийг хийж байх хэрэгтэй. Мөн хүндэрснийхээ дараа халуун бүлээн шүршүүрээр шүршиж угааж байх ёстой.

-Өтгөн хаталт ч мөн тодорхой хэмжээгээр нөлөөлдөг вэ?

-Эмэгтэйчүүдийн хувьд дааврын зохилдлого, хоол хүнс, ахуйн дэглэмтэй холбоотойгоор өтгөнөө удаан хугацаагаар барьдаг. Гурав, дөрөв цаашлаад арав 11 хоногоор бариад гадагшлуулахгүй явах нь бий. Ийм үед өтгөнд агуулагдаж байгаа бохир, хорт бүтээгдэхүүнүүд мөн судсанд шимэгдэж, архаг хордлогод оруулдаг. Мөн өтгөн удаан хугацаанд хатаж байгаад гадагшлах явцдаа шулуун гэдэсний салстад байдаг судсанд маш их ачаалал өгдөгтэй холбоотойгоор зангилаа үүсэх.салст урагдах магадлалтай байдаг.

-Танай тасаг шамбарам өвчний мэс засал нийт хагалгааны хэчнээн хувийг эзэлж байна вэ?

-Бүдүүн шулуун гэдэсний хагалгаа дотор шамбарам өвчин багтдаг. Нийт хагалгаагаар нь тооцож үзэх юм бол манайд ирж буй мэс заслын 18-20 орчим хувь нь шамбармын асуудал байдаг. Цөсний замын мэс засал, мухар олгойн үрэвслийн дараа гуравдугаарт бүдүүн, шулуун гэдэсний хагалгаа ордог.

-Эцэст нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгаа танилцуулна уу?

-“Мөнгөн гүүр” эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг тус эмнэлгийг байгуулагдсанаас хойш хоёр жилийн дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сараас ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Үүнээс хойш төлбөрт үйлчилгээ үзүүлж, мэс заслын олон төрлийн хагалгаа хэвлийн хөндий болон дурангийн мэс заслыг түлхүү хийж ирсэн.

Харин өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс эхлэн Сонгинохайрхан дүүргийн иргэдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын тусламжийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үзүүлж эхлээд байна. Манайд хэвлийн хөндийн бүх мэс засал болох ходоод, гэдэс, элэг, цөс, бүдүүн шулуун гэдэс, мөчдийн судасны хагалгаанууд хийгдэж байна.

Зураг