Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкт хийсэн зоригтой өөрчлөлтийнхөө дараа Зукербэрг $2.9 тэрбумыг алдлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг өөрийн системд өөрчлөлт хийж, хэрэглэгчдийн хуудсанд найз нөхөд, гэр бүлийнхнийх нь нийтлэлүүдийг эхэнд харуулж, хэвлэл мэдээллийн сувгуудын мэдээ, бизнесийн сурталчилгааг сүүлд нь гаргах болж байгаагаа зарласан юм.

Үүнийгээ тэр хүмүүсийн хооронд утга учиртай нийгмийн харилцааг бий болгоно гэж тайлбарласан байна. Өнгөрсөн оны турш Фэйсбүүк хуурамч мэдээллээр хүмүүсийг төөрөгдүүлдэг, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх зэргээр шүүмжлэлд булуулж байв.

Шинэ оны эхэнд Зукербэрг 2018 оны зорилтоо “Фэйсбүүкийг засаж сайжруулах” гэж зарласан юм.

Гэвч Зукербэргийн шинэчлэл өөрт нь тэр даруй санхүүгийн хохирол амсуулсан байна.

Мэдэгдлийн маргааш буюу Баасан гарагт Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр Фэйсбүүкийн хувьцааны үнэ 3.9 хувиар унаж, үүсгэн байгуулагчийнхаа хөрөнгийг $2.9 тэрбумаар хорогдуулж, $74.4 тэрбум болгожээ.

Хэрвээ өдрийн арилжаа хаагдах хүртэл энэ уналт хадгалагдвал Зукербэрг дэлхийн дөрөв дэхь баяны байраа Испаний тэрбумтан, Zara брэндийн эзэн Амансио Ортегад алдах юм.

Гэхдээ энэ үзэгдэл богино хугацааных бөгөөд урт хугацаандаа Фэйсбүүкийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх магадлалтай гэж зах зээлийн зарим шинжээчид үзэж байна.

 

Эх сурвалж: Bloomberg