Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины үйлчилгээ эрхэлдэг зөрчилтэй иргэн, ААН-ийн эрхийг цуцлуулахаар шүүхэд хандаж эхэлжээ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Техникийн болон автомашины худалдааны газруудыг хотоос гаргаж, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн явагдаж байгаа юм.

Нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Нийслэлийн Газрын Албанаас тодруулсан юм.


Нийслэлийн газрын алба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай гурван удаагийн мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ.

Судалгааны хүрээнд эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж ил задгай авто машин худалдаа эрхэлж байгаа нийт 40 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчил арилгах ажиллагаа хийгдэж байгаа аж. 

Нийт 40 зөрчил бүхий этгээд байгаагаас:

  • 22 иргэн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан
  • 16 иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй
  • 2 иргэн, хуулийн этгээд газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Нийт Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 3 иргэн, хуулийн этгээд байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг нэг автомашины зогсоолыг албадан чөлөөлж, дөрвөн иргэн, аж ахуйн нэгж хүргүүлсэн мэдэгдэлийн дагуу сайн дураараа газраа чөлөөлжээ.

Мэдэгдлийн дагуу үйл ажиллагаагаа зогсоосон газрууд:

  • Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Энхтүвшинбэлэг
  • Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал плаза” ХХК
  • Баянзүрх дүүргийн  24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбаяр нар сайн дураараа газраа чөлөөлжээ.

Албадан нүүлгэсэн:

Шүүхийн шийдвэрээр үйл ажиллагаагаа зогсоох, нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл хүргүүлсэн ч хэрэгжүүлээгүй учир Улаанбаатар төмөр зам буюу вокзалын баруун талд байрлах “1,000 машины зогсоол”-ын газрыг чөлөөлсөн байна.

Мөн зөрчлөө арилгаагүй нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, өмчлөх эрхийг цуцлуулах талаар зохих захиргааны байгууллагаас шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гаргах ажлуудыг тус тус эхлүүлээд байгаа аж. Иргэд гэр бүлийн зориулалтаар нэг удаа газар өмчлөх эрхтэй ч хэрэв газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол шүүх цаашид тухайн газрыг өмчлүүлэх үү, хурааж авах уу гэдгийг шийдвэрлэдэг байна.

100 айлын барилгын захыг нүүлгэх талаар мэдээлэл одоогоор ирээгүй гэв

НИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Захуудыг үе шаттай гаргах ажлыг эхлүүлнэ. 100 айлын  барилгын дэлгүүр, захыг 2018 оны гуравдугаар улиралд багтаан хотоос гаргана" гэж мэдэгдсэн юм.

Энэ тухай Нийслэлийн Газрын албанаас тодруулахад " Одоогоор бидэнд ямар нэг мэдээлэл, ажлын төлөвлөгөө гараагүй байгаа" гэх мэдээллийг өглөө. 

Барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг 22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэх шийдвэр 2013 онд гарч байсан. Хэрэв оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэж чадвал замын ачаалал, тэр орчмын хөрсний бохирдол буурах боломжтой юм.