Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Жанцан: Үндсэн хууль бол Монголын нийгмийн хөгжил дэвшлийн үүдийг нээсэн хууль

ikon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

- Үндсэн хуулийн өдөрт -

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцан ярилцлага өгөв.

- Та бол Үндсэн хууль батлагдах үед Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн байсан, мөн Үндсэн хууль батлахад оролцсон цөөхөн хуульч эрдэмтдийн нэг, 1992 оны Үндсэн хууль ямар түвшингийн хууль вэ? Та юу гэж үздэг вэ?

-1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний түүхэн том бүтээл. Монгол Улс шинэ нийгэмд шилжин орсон тэр цаг үед нийгмийн харилцааг шинээр зохицуулах тийм шаардлага нэгэнт бий болсон. Тэгэхлээр шинэ Үндсэн хууль бол энэ нийгмийн шинэ харилцааг зохицуулах үндсэн дээр хийгдсэн хууль. Энэ шаардлагаа ч хангасан гэж үзэж байгаа. 1992 оны Үндсэн хуулийг дэлхийн жишигт харьцуулах юм бол энэ сайн хууль. Энэ бол миний үнэлэлт биш, дэлхийн Үндсэн хуулийн шинжээчид тухайн цаг үед энэ Үндсэн хуультай танилцахдаа  өгсөн үнэлгээ. Гэхдээ сайн хууль гэдэг нь хэзээ ч сэлбэгдэхгүй, төгс хийгдсэн хууль гэсэн үг бас биш. Тийм учраас нийгэм хөгжихийн хэрээр нийгмийн харилцаанд шинэ шинэ зохицуулалт шаардагдах тохиолдол байдаг. Ямар ч агуу Үндсэн хууль нийгмийн хөгжлийн бүх явцыг бүхэлд нь урьдчилан харах боломжгүй байдаг.

- Ер нь шинэ Үндсэн хууль бидэнд юу өгсөн юм бэ?

- Шинэ Үндсэн хууль бидэнд маш олон боломж, бололцоог бий болгож чадсан. Юуны түрүүнд ардчиллын суурь үндсийг тодорхойлсон. Монголын нийгэм ямар нийгэм, Монгол Улсад ямар нийгэм байгуулах вэ? Тэр нийгмийн мөн чанар нь юу байх вэ гэдгийг шинэ Үндсэн хууль тодорхойлж өгсөн  юм. Түүнээс гадна дэлхийн түвшинд хүний эрх, эрх чөлөө гэж юу вэ? Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөөг шинэчлэн тунхагласан гэж хэлж болно.

Мөн өмчийн тэгш эрхийг тодорхойлсон. Түүнээс гадна хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн ялгаа зааг тэнцвэрт байдлыг тогтоож чадсан хууль. Ер нь товчлоод хэлэх юм бол монголын нийгмийн бүх харилцааг эрх зүйн үүднээс зохицуулах цоо шинэ нөхцөл байдлыг бий болгосон хууль. Тийм учраас шинэ Үндсэн хууль Монголын нийгмийн хөгжил дэвшлийн үүдийг нээсэн хууль.

- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, шаардлагагүй гэж олон жил ярьж байна. Тухайлбал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо Үндсэн хуульд гар хүрэх ёсгүй гэж мэдэгдлээ. Та бол ардчилсан Үндсэн хуулийг баталсан хүмүүсийн нэг. Нөгөө талаас баталснаас өнөөдрийг хүртэл биелэлтэд дээд хяналт тавьж, чандлан сахиулж ирсэн байгууллага болох Цэцэд тасралтгүй ажиллаж байгаа хүний хувьд Та  юу гэж хариулах вэ?

- Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага бий болсон уу гэвэл бий болсон. Яагаад гэвэл нийгмийн хөгжлийн хурдац маш өндөр хэмжээнд байна, нийгмийн харилцаанд шинэ шинэ зохицуулалт шаардагдаж ирлээ. Тийм учраас амьдрал дээр 26 жил тасралтгүй хэрэглэсэн энэ хуульд бас зохицуулах боловсронгуй болгох тийм шаардлага зарим зүйл ангиуд дээр бий болжээ гэж харж байгаа. Тийм учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх асуудал бол зайлшгүй чухал зүйлийн нэг мөн. Гэхдээ Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ултай, суурьтай хандах ёстой гэдэгтэй санал нэгдэхээс өөр аргагүй.

- Үндсэн хуульд гар хүрэхийн тулд долоо хэмжиж, нэг огтлох ёстой гээд өнгөрсөн жилд Зөвлөлдөх санал асуулга орон даяар хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулсан. Үүнийг Та юу гэж үзэж байна?

- Улсын Их Хурлаас байгуулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг, комисс маш их идэвх чармайлт гаргаж, хүчин зүтгэж нэлээдгүй ажлуудыг хийлээ. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард иргэд юу гэж бодож байгааг, олон түмэн ямар санал бодолтой байгааг судлах ажлыг эрчимтэй хийлээ. Түүнээс гадна Үндсэн хууль судлаачид, эрдэмтэд, хуульчид мөн Үндсэн хуулийг хэрэглэж байгаа олон нийт, Үндсэн хуульд ямар өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага бий болсныг энэ ажлын хэсэг нэлээд их ажил гаргаж судлалаа.

Цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болдог байгууллага учраас аль нэгэн байгууллагын хараат байх боломжгүй юм.

Энэ судалгааны нэг хэлбэр бол Зөвлөлдөх санал асуулга гэж үзэж болно. Энэ олон ажлын үр дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө боловсруулсан байгаа. Миний хувьд боловсруулсан төслийн эхний хувилбартай танилцсан. Энэ төслийн 80 орчим хувь нь үндсэндээ надад таалагдаж байгаа. Мэдээж надад таалагдсан гэдэг нь төгс сайн боллоо гэсэн үг биш. Энэ бол Үндсэн хуулийн эрх зүй судлаач хувь эрдэмтэн миний бодол.

- Одоо хэлэлцүүлэг, санал асуулгынхаа дүнг нэгтгээд, ажлын хэсэг төсөл боловсруулах гэж байна. Дараагийн алхам нь юу байх ёстой юм бэ?

- Ойлгомжтой. Дараагийн алхам бол Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг батлуулах асуудал юм. Ер нь бол төсөл боловсрогдоод удаж байгаа. Боловсрогдсон төсөл дээрээ шинээр нэмэх юу байна, тэр төслөөс аль хэсэг нь хэрэгцээтэй эсхүл хэрэггүй гэдгийг ялган салгах шатандаа хүрээд байгаа юм билээ.

- Одоо өрнөж буй үйл ажиллагаанд Үндсэн хуулийн цэц ямар үүрэгтэй оролцдог юм бэ? Тухайлбал, төсөлд нь санал өгөх юм уу, эсвэл хуульд заасан өөр чиглэлээр оролцдог юм уу?

- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд хамгийн чухал оролцоотой байгууллага бол яах аргагүй Үндсэн хуулийн цэц. Үндсэн хуулийн цэцийн оролцооны асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд тусгайлан тусгаж өгсөн байгаа. Үндсэн хуулийн цэцийг Улсын Их Хуралд өргөн баригдсан төсөл дээр хамгийн сүүлд санал өгөх эрх бүхий ганцхан субъект гэж ойлгож болно. Тийм учраас бид Үндсэн хуулийн төслийг яг энэ хэсэг нь болж байна, бас энэ хэсэг нь болоогүй байна гэж яагаа ч гүй хэлэх боломжгүй байгаа юм.

Цэцийн гишүүний хувьд миний саналтай Цэцийн бусад гишүүд санал нэгдэх үү, үгүй юу гэдэг бол бас жичдээ асуудал. Ийм учраас Цэцийн гишүүний санал биш, Цэцийн санал Улсын Их Хуралд тавигдах учраас бид бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал, түүний үйл явцыг бүхэлд нь анхааралтай ажиглаж байна.

- Одоо асуултаа танай байгууллагатай холбоотой зарим зүйлд чиглүүлье. Үндсэн хуулийн цэц ажиллах хууль эрх зүйн орчин хангалттай сайн байгаа юу? Өнгөрсөн парламентын үед Х.Тэмүүжин гишүүн танай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлуулж, нэлээд анхаарал татсан юм. Түүний дараа тус хуулийн зарим хэсгийг Цэц хүчингүй болгосон шиг санагдаж байна.

- Үндсэн хуулийн цэц ажиллах хууль эрх зүйн орчин үндсэндээ хангалттай гэж үзэж болно. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиуд бол батлагдаад олон жил болж байна. Эдгээр хуулийг 26 жил дагаж мөрдөж байна. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зарим нэмэлт оруулах тухай асуудал бол үе үе хөндөгддөг юм.

Өнгөрсөн парламентын үед Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүдийн санаачилсан Цэцийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Харамсалтай нь энэ баталсан нэмэлт, өөрчлөлтөд Үндсэн хууль зөрчсөн нэлээд хэдэн заалт байсан юм. Тийм учраас Үндсэн хуулийн цэцэд иргэдээс мэдээлэл гаргаж Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгаж өгнө үү хэмээн хандсан.

Үндсэн хуулийн цэц тухайн хуулийн хэд хэдэн заалтыг хүчингүй болгосон юм. Ийм тохиолдлууд угаасаа байдаг. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүчин чадлыг бууруулах гэсэн эсвэл Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд парламент хөндлөнгөөс хяналт тавих гэсэн оролдлого, хандлага бол аль аль нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байдаг.

Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болдог байгууллага учраас аль нэгэн байгууллагын хараат байх боломжгүй юм. 

Үндсэн хуулийн цэцийн хяналт бол дээд хяналт. Үүнд л цэцийн хариуцлагын утга учир оршино.

- Тухайн цаг үед Үндсэн хуулийн цэцийн гишүүд рүү чиглэсэн янз бүрийн шүүмжлэлүүд нэлээд гарч байсан. Үндсэн хуулийн цэцийн гаргасан зарим шийдвэрүүдийг үгүйсгэсэн ийм байдлууд гарч байсан. Энэ талаар та юу хэлж, чадах вэ?

- Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэх, эсвэл Үндсэн хуулийн цэц улстөржсөн шийдвэр гаргалаа гэж ярих ийм хандлага нэг биш удаа байсан. Яагаад гэвэл, Улсын Их Хурлын баталсан хууль тогтоомжийг Цэц хүчингүй болгож байгаа учраас тэд тийм их таашаалтай, яасан сайн юм, бидний хийсэн хуулийг хүчингүй болголоо, ёстой зөв байна гэж хэлэх тохиолдол Монголд төдий биш гадаад оронд ч бас байдаггүй юм билээ. Тийм учраас Үндсэн хуулийн цэцтэй тэмцэлдэх, Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг улстөржсөн шийдвэр гаргаж байна гэх хандлага бол дэлхийн аль аль улсуудад гардаг л зүйл. Тийм зүйлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүд үүнийг огт тоодоггүй юм.

ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч бидэнтэй нэгэнтээ уулзаад ярилцаж байхдаа танай Үндсэн хуулийн шүүхийг парламент хэр их шүүмжилж байна, та нар руу халдах, довтлох явдал хэр их гарч байна вэ? гэж асууж байсан юм. Бид хариулахдаа ийм зүйл удаа дараа гарч байгаа. Бид ийм зүйлд цаг тухай бүрд нь няцаалт өгөхийн төлөө явдаггүй, Үндсэн хуулийн цэц бол шүүх учраас зөвхөн шийдвэрээ гаргаад орхидог юм гэж хариулсан юм. Үүнийг сонсоод Германы шүүгч бидэнд юу гэж хэлсэн бэ гэхээр тэгвэл танай Үндсэн хуулийн шүүх зохих ёсоор ажиллаж байгаа юм байна.

Хэрвээ та нарыг Үндсэн хуулийн шүүх сайн ажиллаж байгаа юм гээд парламентынхан чинь магтаад ирэх юм бол та нар зохих ёсоор ажиллахгүй байна гэж ойлгож болно. Та нарын хийж байгаа ажилтай тэмцэлдээд, маргалдаад, та нарыг шүүмжлээд явж байгаа бол та нар өөрсдөө үүргээ биелүүлж байна гэж үзэж болно гэсэн сонирхолтой хариулт бидэнд өгч байсныг Таны асуултад хариулж байхдаа би саналаа.

- Таны Үндсэн хуулийн цэцэд ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусвал Танд үргэлжлүүлэн ажиллах сонирхол байгаа юу?

- Сонирхол байхгүй. Би бол ханасан уусмал. Төрийн төлөө хийж чадах зүйлээс хийсэн. Тэгээд ч эрх зүйн хувьд би дахин нэр дэвших боломжгүй. Үндсэн хуулийн цэцэд ажиллах миний орны хүн томилогдсон тохиолдолд би зөвхөн баярлалаа гэж хэлнэ.

- Үүссэн маргааныг хуралдаанаар шийдэхэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр ирэхгүй байх. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж эцсийн шийдвэр гаргасан ч Улсын Их Хурал зарим хуулийн заалтыг агуулгаар нь сэргээх, хууль ёсыг хүндэтгэхгүй байх явдал гаргаж байна. Үндсэн хуулийн цэц байгуулагдсанаас хойш Улсын Их Хурал гурван ч удаа гаргалаа. Энэ нь санаатай юу, санамсаргүй үйлдэл үү?

- Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд ирэхгүй байх тохиолдол нэлээд олон удаа гарсан. Энэ ямар учиртай вэ гэхээр Үндсэн хуулийн цэц дээр ирж мэтгэлцэх онолын түвшин бэлтгэлээ хангагаагүй улмаас зарим гишүүд нэг үгээр хэлбэл Цэцийн хуралдаанаас зугатаж байгаа хэлбэр гэж би хувьдаа хардаг юм. Нөгөө талаас Цэцэд хүндэтгэлгүй хандаж байгаагийн илрэл ч гэж үзэж болно. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болгосон хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь сэргээсэн тохиолдол гурван ч удаа гарсан. Үүнийг бид буцаагаад хүчингүй болгож байгаа. 

Энэ үйлдлүүд санаатай юу, санамсаргүй үйлдэл үү гэвэл зөвхөн санаатай үйлдэл гэж үзэж болно. Үүнтэй холбоотой хамгийн сүүлийн жишээг хэлье. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэц 2012 онд хүчингүй болгосныг Улсын Их Хурал агуулгаар дахин сэргээж хууль баталсныг Үндсэн хуулийн цэц 2017 оны 12 дугаар сарын 20-нд дахин авч үзэж хүчингүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалт Улсын Их Хурлын гишүүдийн хувьд “их хайртай” заалт байсан бололтой. Түүнээс биш уг заалтыг Улсын Их Хурал боломжгүй буюу санамсаргүйн улмаас дахин хуульчилсан гэж үзэх ямар ч боломжгүй юм. 

 

Эх сурвалж: ҮХЦ