Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын Квебек муж биткоин олборлогчдыг “олборлож” эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын эрх баригчид биткоин олборлогчдыг дарамталж эхлэх яриа гарсны дараа Канадын Квебек мужийг сонирхогчид эрс нэмэгджээ.

Тус мужийн Hydro Quebec усан цахилгаан станцын бизнесийн хөгжил хариуцсан захирал Дэвид Винсенттэй биткойн олборлогчид олноор холбогдох болсон байна.

Тэр 2016 онд эрчим хүчний хэрэглэгчдээ нэмэгдүүлэхийн тулд Facebook, Amazon, Microsoft зэрэг технологийн томоохон компаниудын дата төвүүдийг татах ажиллагаагаа эхлүүлж байжээ. Үүний үр дүнд цөөн тооны дата төвүүдийг нутагтаа байгуулуулж чадсан байна.

Харин сүүлийн үед крипто валют олборлогчдын сонирхол эрчимтэй нэмэгджээ. Канадын тал хямд, элбэг сэргээгдэх эрчим хүч, сэрүүн цаг уур, улс төрийн тогтвортой байдлаараа тэднийг татаж байгаа аж.

Hydro Quebec-ийн хувьд 35 ийм компани хандаж, эрчим хүчний үнэ тариф, нөхцлийн мэдээллийг нь аваад ажиллаж эхэлсэн байна. Одоогоор тус станцын гаргадаг эрчим хүчний 70 хувийг IT-ийн компаниуд хэрэглэж байгаа гэнэ.

Энэ тухай Винсент “Ямар ч маркетинггүйгээр маш их хэрэгцээ бий боллоо. Өдөрт л нэг хэрэглэгчтэй болж байна” хэмээн ярьжээ.

Үүнийг дагаад Квебект үл хөдлөх хөрөнгө, бусад бараа бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа гэнэ. Квебек муж нь дэлхийн усны эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг.

 Hydro Quebec нь дангаараа 37,000 Мегаватт эрчим хүчний багтаамжтай, үүний ихэнх нь илүүдэл болдог тул Хойд Америктаа хамгийн хямд үнээр нийлүүлдэг.

Дата төвүүдэд тэд киловатт/цаг тутамд 2.48 центийн эрчим хүч нийлүүлдэг бол биткойн олборлогчдод 3.94 центээр өгөх гэнэ. Учир нь олборлогчид орон нутгийн эдийн засагт бага хүртээмжтэй, ажиллах хүч хэрэглэхгүй тул арай өндөр тариф оноож байгаа ажээ.

Гэхдээ л энэ үнэ нь Хойд Америкийн эрчим хүчний ихэнх тарифаас доод тал нь 50 хувь, дээд тал нь 3 дахин хямд байгаа юм.

Үүнээс гадна олборлогч машинуудыг хөргөх зардал байхгүй. Квебек нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай тул давуу тал бий болгож байна.

Hydro Quebec-ийн хамгийн жижиг хэрэглэгч болох Montreal Canadiens хоккейн клуб 5 мегаватт эрчим хүч хэрэглэдэг бол дундаж дата төв 30-60 мегаватт хэрэглээтэй байдаг. Гэтэл Винсенттэй холбогдож байгаа дэлхийд гурав, тавдугаарт ордог олборлогчид 200-300 мегаватт эх үүсвэр шаардаж байгааг хэлжээ.

Винсент “Бидэнд багтаамж байгаа. Гэхдээ бид хэзээ ч ийм их хэрэгцээтэй нүүр тулж байгаагүй. Тиймээс энэ бол бидний хувьд ‘сайхан зовлон’ юм” хэмээн ярьж байна.

 

Эх сурвалж: Coindesk