Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хар өнгийн машинтай иргэд Туркмений нийслэлд ад үзэгдэх болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедов саяхан цагаан өнгийн автомашин аз дагуулдаг гэж хэлсэн нь хар бараан өнгийн машинтай иргэдэд бэрхшээл учруулж эхэлжээ.

Хэдийгээр ямар нэг албан шийдвэр гараагүй ч Бердимухамедов “цагаан гантиг чулуун нийслэл” Ашгабат хотод хар бараан машин зорчих нь таатай санагддаггүй гэж хэлснээс болж автомашинтай иргэд хэлмэгдэж байгаа гэнэ.

Өнгөрсөн сарын сүүлээс эхлэн албаныхан хар машиныг анхааруулалгүйгээр ачих, торгох, өнгийг нь сольж будуулах, дараа нь дахин бүртгүүлж, гэрчилгээ авахыг шаардаж эхэлжээ. Мөн үүнтэй холбоотойгоор автомашин будах үйлчилгээний үнэ тэнгэрт хадаж, иргэд санхүүгээр хохирох болсон байна.

Туркменд иргэдийн сарын дундаж цалин 1,200 манат ($200) байдаг бол машин будах үйлчилгээний үнэ 7,000 манат байснаа 11,000 манат болж өссөн гэнэ. Өөрөөр хэлбэл бүтэн жилийнхээ цалингаар машинаа будуулах хэрэгтэй болж байгаа юм.

Бердимухамедов анх удаа ийм этгээд шийдвэр гаргаж байгаа нь энэ биш. Тэр 2015 онд хил гаалиар хар өнгийн машин оруулахыг хориглож, өөрөө дан цагаан өнгийн машинтай цуваагаар зорчдог болсон байна.

Таван сая хүн амтай боловч дэлхийд дөрөвт ордог байгалийн хийн нөөцтэй Туркменистан улс байгалийн баялгаас хэт хамааралтай эдийн засагтай.

Нэгэн үе баян тансагаараа гайхуулж, удирдагчид нь өөртөө алтан хөшөө босгуулдаг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн түүхий эдийн ханшийн уналтаас хамаарч эдийн засгийн өсөлт нь саарч эхэлснийг Азийн Хөгжлийн Банк мэдээлсэн байна. Засгийн газар иргэдийнхээ ус, цахилгаан, хийн хэрэглээний төлбөрт их хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байснаа бууруулж, заримыг нь хасаж, дэлгүүрүүдэд хүнсний өргөн хэрэглээний бараа хомсдож эхэлсэн байна.

Тиймээс Туркмений эцэг гэгддэг байсан анхны ерөнхийлөгч Ниязов, түүний залгамжлагч Бердимухамедов нарын алтан үе өнгөрч байна гэж судлаачид үзэх болжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty