Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Давс хэтрүүлэн хэрэглэснээр хүний биед найман төрлийн эрсдэл үүсдэг

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Олон улсын стандартаар 100 граммд давсны агууламж 0.3-0.6 байх ёстой ч, манай улсад дунджаар 2-3 дахин их байдаг байна. 

Ажлын хэсгийн НБД, НЭМҮТ-ийн Хоол Судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг "Давсны хэрэглээг бууруулах хүн амын дундах мэдээлэл сурталчилгааны ажлыг бид 2011 оноос эхлэн хийсэн. Өнгөрсөн 2017 оны сүүлчээс эхлэн үйлдвэрийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, нийтийн хоолны давсны хэрэглээг бууруулахад аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оруулах чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж байна. 

Монголчууд артерийн даралт ихсэлтээр Номхон далайн баруун бүсийн 27 оронд нэгдүгээрт явж байгаа. Давс нь ходоодны хорт хавдар үүсгэх нэг хүчин зүйл нь болдог.

Мөн чихрийн шижин өвчин үүсэхэд нөлөөлдөг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас давсны хэрэглээ өдөрт 5 гр-аас бага байх ёстой тогтоосон. Хоногт 5 гр-аас их давс хэрэглэснээр 2010 онд жилд дунджаар дэлхийн хэмжээнд 1.7 сая хүн нас барсан гэх мэдээлэл байсан бол 2017 оны байдлаар 4 сая хүн нас барсан байна. 

Тэгэхээр үүнд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал гэж үзэж байгаа. Нөгөө талдаа давсны хэрэглээг багасгах нь олон хүнийг хамрах хамгийн өртөг багатай, хэрэгжүүлэх боломжтой гэдэг нь нотлогдсон. Өнгөрсөн онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн багийн судалгаагаар ирэх 15 жилийн хугацаанд бид давсны хэрэглээг багасгах юм бол нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой гэдэг нь батлагдсан" гэлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад хоногт 5 гр-аас их давс хэрэглэдэг хүн нийт хүн амын 83.2 хувийг эзэлдэг бөгөөд давсны хэрэглээгээ 46.2 хувийг нь цай, уух зүйлээс, 33.5 хувийг нь хоолноос авдаг аж. Мөн бүс нутгаасаа хамаарч хоногт авдаг давсны хэрэглээ өөр байдаг байна. Үүнд:

  • Төвийн бүсэд- 9.9 гр
  • Зүүн бүсэд- 7.7 гр
  • Хангайн бүсэд- 9.4 гр
  • Баруун бүсэд 15.4 гр байдаг аж.
Харин хоногт хэрэглэх давсны зөвшөөрөгдөх дээд хэмжээ  6-12 сартайд 1 гр, 1-3 настайд 2 гр, 4-6 настайд 3 гр, 7-10 настайд 4 гр, 10-аас дээш настай хүүхэд болон насанд хүрэгсдийн хувьд 5 гр гэж заасан аж. 

Мөн давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас найман төрлийн хоол тэжээлийн эрсдэл үүсдэг байна. Үүнээс Монголчуудад дараах эрсдэл өргөн тохиолддог аж. Үүнд:

  1. Артерийн даралт ихсэх
  2. Тархинд цус харвах
  3. Ходоодны хавдар үүсэх
  4. Чихрийн шижин өвчин үүсэх
  5. Яс сийрэгжих
  6. Хаван, бөөрний чулуу үүсэх
  7. Гуурсан хоолойны багтраа тус тус үүсгэдэг байна. 

Зарим аж ахуйн нэгж үйлдвэрлэдэг нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны хэмжээг бууруулах ажлыг хэрэгжүүлжээ.

Бид бүтээгдэхүүнийхээ давсны хэрэглээг 0.5 хувь, атар талхыг 0.2 хувиар бууруулсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Атар Өргөө ХК-ийн Үйлдвэр технологийн албаны дарга Ж.Оюунцэцэг "Манай компани нийт 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид давсны агууламжийг бууруулах хөтөлбөрт хамрагдаад нийт 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны хэмжээг багасгасан. Өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторидоо шинжилгээ хийн агууламжаа зохих хэмжээнд хүртэл бууруулсан байгаа. Сав баглаа боодлын хувьд тавигдсан стандартынхаа дагуу давсны агууламжаа зааж өгсөн байгаа. 

Бид бүтээгдэхүүнийхээ давсны хэрэглээг 0.5 хувь, атар талхыг 0.2 хувиар бууруулсан. Цаашид ч энэ тал дээр илүү анхаарч ажиллана" гэсэн юм.