Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Дэмбэрэл: Дэлхийн бүх Төв банк инфляцийг онилох бодлого явуулж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлтэй Төв банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа асуудлаар ярилцлаа.

-УИХ олон жилийн дараа Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Нэмэлт өөрчлөлтөөр өнөөгийн мөрдөж байгаа Монголбанкны үндсэн зорилтыг өөрчилж, “үнийн тогтвортой байдлыг хангана”  гэж оруулж ирсэн байна. Үндсэн зорилтоо өөрчилснийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Одоогийн хуулиар Монголбанкны үндсэн зорилт нь “үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана” гэж заасан байгаа. Инфляцийн хүлээлтийг удирдахын тулд Төв банкууд өөрийн зорилгоо олон салаа утгагүйгээр илэрхийлдэг хандлага руу 1990 оноос шилжиж эхэлсэн. Өнөөдөр дэлхийн бүх Төв банк инфляцийг онилох бодлого явуулж байна. Хөгжиж байгаа, хөгжингүй гээд бүгд шүү.

Монголбанк энэ дэвшилтэт зүйл рүү шилжих өөрчлөлтийг хийж байна гэж харсан. Гэтэл УИХ-ын хэлэлцүүлгийг харахаар мөнгөний бодлого, инфялцийг онилох,  валютын ханш зэрэг ойлголтын хоорондын холбоо, хамаарлын талаарх гишүүдийн мэдлэг дутмаг байгаагаас Төв банкны зорилтыг андуурах тохиолдол гарч байна. Жишээ нь, дэлхий дээр 1990 оноос өмнө Төв банк валютын ханшийг онилдог байсан.  Харин 1990 оны дунд үеэс бүгд үнийн тогтвортой байдал гэж ярьж байгааг ойлгохгүй байна.

Хоёрт, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах гэдэг нь хоёр утга илэрхийлдэг. Нэг нь гадаад тогтвортой байдал буюу валютын ханшийн тогтвортой байдал юм. Нөгөө нь үнийн тогтвортой байдал. Гэхдээ валютын ханшийн хэрэглээний үнийн индекст нөлөөлдөг нөлөөллийг ханшийн дамжих үр нөлөө гэж үздэг. Валютын ханшийн үр нөлөөг тооцдог олон арга бий. Тэгэхээр Монголбанкны үндсэн зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангах буюу инфляцийг нэг оронтой, нам доор түвшинд барих юм. Ингэхдээ мөнгөний бодлогын уламжлалт болон бус арга хэлбэрийг ашиглана. Нөгөө талд валютын ханш Монгол Улсад чөлөөтэй хөрвөх биш, зохицуулалттай хөрвөх дэглэмтэй.

Ихэнх улс орнууд ийм байдаг. Өөрөөр хэлбэл, Монголбанк зах зээлд интервенц хийх замаар валютын зах зээлд оролцдог гэсэн үг. Хоорондын харилцаа нь үнэ ба валютын ханш, валютын ханш ба үнэ гэсэн хамааралтай байна. Тэгэхээр валютын ханшийг тогтворжуулах зорилго нь үнийг тогтвортой байлгах зорилгодоо захирагдаж явна. Нэг үгээр бол инфляцийг онилно гэдэг нь нөгөө талдаа валютын ханшийг шууд болон шууд бус  замаар зохицуулж удирдана гэсэн үг. Төв банкны үндсэн зорилго өөрчлөгдөж байгаа учраас “ханш Монголбанкинд хамаагүй боллоо” гэсэн буруу ойлголттой гишүүд байгаа нь харамсалтай.

-Зарим гишүүн Монголбанк үнийн тогтвортой байдлыг хангана гэж зорилтоо тодорхойлсныг ханшаа сул тавьж, хяналтаас гаргах нь гэж шүүмжилсэн. Гэтэл таны ярьж байгаагаар үнийн тогтвортой байдлыг хангаснаар давхар ханш тогтвортой байна гэж ойлголоо. Зөв үү?

-Зөв. Захирах, захирагдах ёс гэдэг шиг үнийн тогтвортой байдал чинь ханшийн шилжих үр нөлөө орсон байдаг. Тэр нь импортын үнэ.

Хэрэглээний сагсан дахь барааны 40 орчим хувь нь импортын бараа байдаг. Импорт, экспортын худалдааны нөхцлөөр хийгдэж буй валютын арилжааг Төв банк мөнгөний нөхцлийн индекс зэрэг олон аргаар зохицуулдаг. Зохицуулах аргыг нь уламжлалт болон уламжлалт бус гэж хуваадаг. Төв банк сарын өмнө “нийлүүлэлтийн гаралтай инфляци нэмэгдэж байна, бид оролцохгүй гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, шатахууны үнэд оролцохгүй, үнэ тогтворжуулах хөтөлбөр явахгүй гэсэн үг. 2013-2015 онд нийлүүлэлтийн гаралтай инфляци 34 хувь байснаа хоёр хувь болж буурсан. Харин эргээд өсөх нь. Энэ үед Төв банкны үндсэн зорилт яах вэ. Ханш сулраад ирвэл Монголбанк зах зээлд интервенц хийдгээрээ л хийж таарна. Харин үнэ тогтворжуулахгүй. Гэтэл үндсэн зорилт буюу инфляци нь найм биш 12 хувь болбол яах вэ. Энэ үед л мөнгөний бодлогын уламжлалт болон уламжлалт бус аргыг хослуулан хэрэглэх ёстой. Харамсалтай нь, одоо ярьж байгаа Төв банкны хуулиар энэ аргыг хумих гэж оролдож байна.

Бодлогын хүүгээр л бүгдийг зохицуулах ёстой гэсэн хандлага байна. Монгол шиг ханшийн зах зээл савлагаатай, түүхийн эдийн нөлөөлөл ихтэй эдийн засагтай улс орнууд ганцхан мөнгөний бодлогын хүүг нэмж, хасах байдлаар зах зээлд нөлөөлж чаддаггүй. Тиймээс улс орнуудад уламжлалт бус бодлого, түүн дотроо нөөцийн шаардлагыг нэмэх, хасах арга хэрэгслээр үнийн тогтвортой байдлыг хангаж, үндсэн зорилгоо хэрэгжүүлдэг. УИХ-ын гишүүд энэ талаа сайтар анхаарахгүй бол асуудлыг буруу шийдэж магадгүй харагдсан.

-Тэр нь юугаар илүү илэрч байна вэ?

-Өнөөгийн дагаж буй хуульд Төв банк эцсийн зээлдүүлэгчийн үүрэг хүлээх заалт байдаг. Гэхдээ үүнийг Монголбанкны үйл ажиллагаа гэдэг хэсэгт багтаагаагүй. Төв банк эцсийн зээлдүүлэгчийн үүрэг хүлээнэ гэдгийг үйл ажиллагааны хэсэгт оруулах ёстой гэдэг саналаа миний бие Ажлын хэсэгт илэрхийлсэн. Үүнтэй холбоотой заалтыг Монголбанкны үйл ажиллагааны хэсэгт оруулсан байсан ч гишүүд нэлээд маргаад үйл ажиллагаанд оруулахгүй асуудал үүсч байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд Төв банк эцсийн зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг сайн ойлгоогүй гэсэн үг. Төв банк арилжааны банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг маневрлаж, шуурхай зохистой арга хэмжээ авах эрхийг хасч байгаа юм. Ингэж болохгүй л дээ.

-Хуулийн төсөлд Засгийн газраас Төв банкинд зөвлөмж чиглэл өгөхийг хориглоно гэж заасан байна. Энэ нь Монголбанкны бие даасан хараат бус байдал эерэг нөлөөтэй юу?

-Одоогийн хуульд Монголбанк Засгийн газраас зөвлөмж чиглэл авахгүй гэж заасан байгаа. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн практикаас харахад Төв банкны ерөнхийлөгч Засгийн газарт зөвлөмжөө өгдөг. Засгийн газраас зөвлөмж авах биш, өгдөг. Төв банкны үндсэн зорилго болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахад төсвийн алдагдал болон Засгийн газраас явуулж байгаа сангийн болон бусад бодлогууд садаа болохоор байвал түүнийг анхааруулж, зөвлөмж, санал өгдөг. Энэ практик цаашид ч үргэлжлэх ёстой.

-Бас нэг маргаантай асуудал нь Монголбанкны ерөнхийлөгч нарын цалин байгаа. Төсөлд ерөнхийлөгч нарын цалинг арилжааны банкуудын захирлуудтай дүйцэх цалинтай болгоё гэж ярьсан. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Адилтгах шаардлагатай юу?

-Дэлхий дээр Төв банкны  ерөнхийлөгчдийн цалинг парламент нь тогтоодог нэг ч улс байхгүй. Төв банкны ерөнхийлөгчийн цалинг Бодлогын зөвлөл нь санал болгож, Хяналтын зөвлөл нь баталдаг. Төв банкны төсвийг Хяналтын зөвлөл нь баталдаг. Үүнийгээ хяналтын зөвлөл нь давхар хянадаг. Бусад улс орны жишгийг харахад энэ нь хамгийн шилдэг арга. Төв банкны ерөнхийлөгч ямар цалинтай байх, арилжааны банкны захиралтай дүйцүүлэх эсэх нь гишүүдэд огт хамаагүй. Учир нь, УИХ болон Засгийн газарт Монголбанкны бие даасан хараат бус байдалд шууд хандах эрх байхгүй. Монголбанкны бие даасан хараат бус байдалд гурван зүйлийг хамааруулж ярьдаг. Нэгд, зорилгын бие даасан хараат бус байдал. Үүнийгээ тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлж байна. Хоёрт, үйл ажиллагааны хараат бус байдал. Энд 5, 6 чиг ззрэг хамаарна. Монголбанк эцсийн зээлдүүлэгчийн үүрэг хүлээх үү, үгүй юу гэдэг ч хамаарна.

Гуравт, санхүүжилтийн бие даасан, хараат бус байдал. УИХ-ын дарга, гишүүд Төв банкны ерөнхийлөгчийн цалинг тогтоож, санхүүг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо баталдаг болчихвол дэлхий дээр байхгүй жишиг тогтоно. Орчин үед Төв банкууд ганц зүйл дээр улсын болон хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж байна. Тэр нь өндөр ур чадвартай хүний нөөцийг өөртөө хадгалж, тогтоон барих асуудал хамгийн чухал. Монголбанк ийм бодлого явуулж байсан уу гэвэл, явуулж байсан. Ажилтнууддаа үлдээхийн тулд 50, 100, 150, сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн ч, тэр нь өнөөдөр гэмт хэрэг болж хувирсан. Ийм байхад тэнд шилдэг боловсон хүчин яагаад үлдэх ёстой юм бэ. Сайн мэдлэгтэй болсон хүчин байхад тэр хүнд хоёр өрөө байр авах мөнгөн урамшуулал өгчихвөл тухайн хүн тус байгууллагад хадагдана биз дээ. Улс орнууд хүний нөөцөө хадгалахын тулд ийм арга хэрэглэдэг. Олон улсын төлбөр тооцооны судалгаагаар тогтоогдсон зүйл шүү дээ.

УИХ дээр Төв банкны тухай хуулийг хэлэлцэж байхдаа нэг зарчмын асуудлыг мөрдөх ёстой. "Миний хэлж байгаа үг, санал болгон Төв банкны бие даасан хараат бус байдалд халдаж байгаа юм биш бизу гэсэн болгоомжлол УИХ-ын гишүүн бүрт байх ёстой.

-Банкны тухай хуулийн өөрчлөлтийг УИХ хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлтэй танилцсан уу, Та ямар саналтай байгаа вэ?

-Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Хадгаламж төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээтэй холбоотой хуулиуд дээр ганц л зүйл хийгээсэй гэж харж байна. Сүүлийн үед Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрөө яриад байгаа. Н.Баяртсайхан 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс бид санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлд реформ хийнэ гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Төв банк зөвхөн зээлдүүлэгчийн талыг харахгүйгээр зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж, шинэчлэлийн хуулиудад санхүүгийн хэрэглэгч гэдэг ойлголтыг шингээж өгнө гэж ойлгосон. Энэ маш зөв. Жишээ нь, Банкны тухай хуульд арилжааны банкууд Төв банкны зөвшөөрөлтэйгөөр хийх зургаан үйл ажиллагааг заасан байдаг. Тэгвэл нөгөө талд банкны үйлчилгээ авч байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдээ санхүүгийн хэрэглэгч гэж нэрлэнэ гээд заачих хэрэгтэй. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагааг хийгээд эхэлбэл зээлийн хүү буурах төдийгүй, нөхцөл нь сайжирна.

-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.