Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин төлөвлөлтөөр 5,000 айл ОРОН СУУЦтай болжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод 381 мянган өрхийн 1.4 сая хүн амьдарч байгаагийн 40 хувь нь орон сууцанд амьдарч байна. Харин 60 орчим хувь нь гэр хорооллын суурьшлын бүсэд амьдарч байгаа гэсэн судалгаа бий. 

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор орон сууцны хэд хэдэн хөтөлбөрийг Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас хэрэгжүүлж эхлээд байгаа.

Тодруулбал, Ипотекийн зээл, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр зэрэг юм.

Энэ онд 1,562 айлыг түрээсийн орон сууцанд оруулна

Ипотекийн зээл нь иргэд урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүйг төлөх бөгөөд зээлийн хүү жилийн 8 хувь, зээлийн хугацаа 360 хүртэл сар байх нөхцөлтэй. 

2013-2017 онд ипотекийн зээлд нийтдээ 4.6 их наяд төгрөгийн санхүүжилт хийгджээ. 

Өнгөрсөн онд Ипотекийн зээлд 350 тэрбум төгрөгийг зарцуулсан бол  энэ онд ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 300 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл уг зээлээр 4,000-5,000 орчим айл байртай болох боломжтой.

2017 онд ипотекийн зээлээр 7,000 айл өрх орон сууцанд орсон байна. 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Олон улсын туршлагаас харахад гурван нөхцлөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой. Нэгдүгээрт одоогийн хэрэгжүүлж байгаа хүүгийн татаас. Хоёрдугаарт орон сууц түрээсэлж байгаад үргэлжлүүлээд өмчлөх хүсэлтэй хүмүүс байна.

Гуравдугаарт гэр хорооллын айл өрх утаагүй байдлаар орон сууцаа шийдвэл үүн дээр банк 8 хувийн юм уу зээлийг өгөх боломжийг судлаж байна" хэмээн "Утаагүй Улаанбаатар" форумын үеэр мэдээлж байсан юм. 

Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс орон сууц худалдаж авсан иргэдэд ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой болсноор тус төслийн орон сууцны борлуулалт харьцангуй сайжирч байгаа ажээ. 

Мөн нөгөө талд Засгийн газраас 2015 онд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан билээ.

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 28 дугаар тушаалаар “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталж, зорилтот бүлгийн нийт 1,512 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулжээ.

Харин энэ онд 1,562 айлыг түрээсийн орон сууцанд оруулахаар төлөвлөсөн байна. Энэ жилийн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэзээ зарлагдах нь одоогоор тодорхойгүй байна. 

"2018 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Яармагийн 4 дүгээр хороон дээр газар чөлөөлөлтийн ажил хийнэ. Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр шинээр эхлүүлээд, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх түвшинд ажиллаж байна.

Мөн баригдаагүй байгаа аймгууд дээр барилга барих, Буянт-Ухаа хорооллын хоёрдугаар хэсэг буюу нэмж 3,400 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Үүнтэй зэрэгцээд сургууль, цэцэрлэгийн асуудлууд давхар яригддаг. Эдгээрийг барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашлаад гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төсөв, санхүү зогссон барилгын компаниудтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа" гэж ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй мэдээлээд байна. 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр нь 2015-2021 он хүртэл хэрэгжих бөгөөд Улаанбаатар хотод 16,000 өрхийг орон нутагт 4,000 өрхийг хамруулахаар төлөвлөжээ.

Энэ талаар Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 20 мянган айлыг түрээсийн орон сууцаар хангана гэсэн зорилт бий. Энэ зорилтын хүрээнд асуудлыг ярьж болно гэж манай яамнаас үзэж байгаа.  Орон сууц бэлэн байна. Авах иргэд ч бэлэн байна.

Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулахад 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай” гэж мэдээлжээ.

Түүнчлэн тэрбээр орон сууцны хөтөлбөрийн хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Гаднаас зээл, тусламж авах юм уу. Бонд гаргаж хөрөнгө босгох юм уу гэсэн асуудлууд бий. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргана гэсэн байна.

Дахин төлөвлөлтөөр орон сууцанд орсон иргэдийн тоо багасжээ

2013 оноос 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжүүлж эхэлсэн.  

Төсөл хэрэгжүүлэх талбайд орон сууцны барилга, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан нийт 1,472 нэгж талбарын газрыг чөлөөлж, гэр хорооллын 957 айл өрхийг шинэ орон сууцанд, 491 айл өрхийн иргэдийг түрээсийн орон сууцаар ханган, 24 айл өрхийн газрыг худалдан авчээ.

График 1, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-ийн хүрээнд ашиглалтад орсон орон сууцны тоо

Уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төсөл хэрэгжүүлэгчид 9,654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2014 онд 960, 2015 онд 1,656, 2016 онд 2,273, 2017 онд 308 айлын орон сууц нийт 5.2 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.

Цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг бүрт "1,000 айлын орон сууц" төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх  зорилт тавин ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлсэн.

Харин Нийслэлийн орон сууцны корпорациас энэ онд хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөрийн талаар тодруулахад "Манай төсөл хөтөлбөрүүдийн дагалдах журмууд батлагдаагүй байгаа тул хараахан тодорхой болоогүй байна" гэсэн тайлбарыг өглөө.