Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтстэй ганцаарчлан уулзаж санал бодлоо солилцох зөвхөн нэг төлөөлөгчөөр Монгол эмэгтэй шалгарчээ

Б.Ану
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Швейцарийн Давос хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Дэлхийн Эдийн Засгийн Форум энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. 48 дахь удаагийн тус форум ашиг сонирхол, итгэл үнэмшил, ёс заншил, хүч чадлын ялгаа, тэнцвэргүй байдлыг даван туулж хүн бүрт хүртээмжтэй, боломж олгосон ирээдүйг бүтээн байгуулах талаар тогтож хэлэлцэхээр болжээ.

Дэлхийн Эдийн Засгийн Форум нь олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар дэлхий дахинд тулгамдсан асуудлуудад шийдэл олж хэрэгжүүлдэг, бие даасан, хараат бус, ашгийн төлөө бус олон улсын байгууллага юм. Тус байгууллага жил бүр дэлхий дахинд шууд нөлөөлж, шийдвэр гаргадаг эрх баригчид, бизнесс эрхлэгчид, эрдэмтэн судлаачид болон залуу манлайлагчдыг Швейцарийн Давос хотноо цуглуулан, дэлхийн хувьсан өөрчлөгдөж буй байдал, хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн өсөлт хөгжилтийг байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, тогтвортой байлгах боломжийн талаар 3 өдрийн туршид 400 гаруй хурал, хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг юм. 

Энэхүү өндөр хэмжээний уулзалтад энэ жил манай улсаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцох бол, “Оддарьяа” сангийн үүсгэн байгуулагч А.Ургамал нь Дэлхийн Эдийн Засгийн Формын дэргэдэх залуучуудын байгууллага болох Глобал Шэйперс нийгэмлэгийг төлөөлөн оролцдог 50 залуу манлайлагчдын нэгээр сонгогдсон байна. 

Энэ нь “Оддарьяа” сангийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр, тэр дундаа эмч нарыг эх орондоо өндөр хөгжилтэй орны нарийн мэргэжлийн боловсон хүчнээс туршлага судлах, менежментийн болон технологийн шийдлээр эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг иргэдэд таатай, түргэн шуурхай болгоход чиглэсэн үйл ажиллагаа, төлөвлөгөө, алсын харааг өндрөөр үнэлсэн хэрэг боллоо. 

Сонирхуулахад дэлхийн өнцөг булан бүрийн 6,050 шэйпер буюу залуу манлайлагчдаас  сонгогдсон 50 төлөөлөгч  Давосын чуулганы үеэр алдартай  бизнесмэнүүд болох Жак Ма, Билл Гэйтс нартай хаалттай уулзалт хийх юм. 

Түүнчлэн Билл Гэйтстэй ганцаарчлан уулзаж, санал бодлоо солилцох зөвхөн нэг төлөөлөгчийг шалгаруулахад тус хуралд манай улсаас төлөөлөн оролцож буй А.Ургамал шалгарчээ. Мөн тэрээр хүйсийн тэгш эрхийн хэлэлцүүлэгт залуусын дуу хоолой болж оролцох 13 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ч шалгарч чадсан байна.