Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Японы сансрын нисэгч сансарт байхдаа хэт хурдтай өссөн тул дэлхийд буцан ирж чадах эсэх нь тодорхойгүй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байгаа Японы нисэгч Норишигэ Канай богино хугацаанд хурдтайгаар сунасан тул дэлхийд буцаж чадахгүй болохоос айж эхэлжээ.

Тэр өнгөрсөн арванхоёрдугаар сард ОУСС-д ирсэн боловч гурван долоо хоногийн хугацаанд 9 см-ээр өссөн байна. Дэлхийд буцахдаа сансрын нисэгчид Оросын Союз капсулаар буудаг.

Энэ капсул нь маш зай багатай, нарийн хэмжээ, хатуу стандарттай байдаг тул Норишигэ суудалдаа багтахгүй болохоос айж байгаа гэнэ.

Тэр өөрийн сошиал хуудсанд “Өглөөний мэнд! Өнөөдөр би чухал мэдэгдэл хийх гэж байна. Сансарт гарснаасаа хойш бид анх удаа биесээ хэмжиж үзлээ. Тэгтэл Wow, wow, wow, Би 9 см-ээр өссөн байна” гэжээ.

“Би гурван долоо хоногийн дотор ургамал шиг л өссөн байна. Дунд сургуульд байхдаа л ингэж өссөн байх. Одоо би буцахдаа Союз хөлгийн суудалд багтахгүй болохоос айж байна” гэсэн байна.

 Сансрын нисэгчид Олон Улсын Сансрын Станцад байхдаа өсөх, сунах тохиолдол байдаг. Гэхдээ дээд тал нь 2 см-ээр өндөр нь нэмэгддэг юм. Харин Норишигэгийн суналт онцгойд тооцогдож байна.

Татах хүч байхгүй, жингүйдлийн орчинд ийм үзэгдэл тохиолддог аж. Ийм өсөлт нь сансарт гарсны дараахан эрчимтэй ажиглагдаж, удалгүй удааширдаг байна.

Харин дэлхийд буцаж, татах хүчний нөлөөнд ороход бие нь эргэж хэвийн хэмжээндээ хүрдэг гэнэ.

Сүүлд шинэчилсэн:

Дээрх мэдээлэл дэлхийн томоохон хэвлэлүүдээр тарсны дараа Норишигэ твиттер хуудсандаа уучлал гуйжээ. Дуулиан тарж эхлэхэд хөлгийн ахмад нь Норишигэг дахин хэмжиж үзэхийг хүссэнээр тэр хэмжихэд 2 см л өссөн байжээ. Норишигэ "Хэмжилтийн алдаанаас болж худлаа мэдээлэл тараасандаа уучлал гуйж байна. Одоо Союз хөлөгт сэтгэл амар сууж буцах боломжтой боллоо" гэсэн байна. Тэр үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: Independent