Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

"САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН эрх ашгийг хамгаалах асуудал банк, иргэний ТЭГШ ХАРИЛЦААНААС эхэлнэ"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
 

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг нь санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал хүчин зүйл гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч, цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Монголбанк өнөөдөр “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү аян нь санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй гэдгээрээ онцлогтой.

Санхүүгийн хэрэглэгч гэж хэн бэ?

Санхүүгийн үйлчилгээг зөвхөн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авч буй хувь хүнийг санхүүгийн хэрэглэгч гэж хэлнэ. Зарим улс оронд бичил аж ахуйн нэгжүүдийг хамруулах тохиолдол байдаг байна.

“Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-д Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Ипотекийн Корпораци, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Бичил Санхүүгийн Хөгжлийн сан, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оролцох юм.

"Банк гэдэг бол маш олон жилийн түүхтэй институци. Үүний өмнө 200 толгой малтай монгол малчин сууж байгаа"
 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Банк гэдэг бол маш олон жилийн түүхтэй институци. Үүний өмнө 200 толгой малтай монгол малчин сууж байгаа. Тэр малчинд малаас өөр юу ч байхгүй. Энэ хоёрын харилцаа тэгш бус болж эхэлж байна.

Даатгалын компаниуд ч гэсэн ялгаагүй олон зуун жилийн түүхтэй механизм. Энэ хүмүүсийн хоорондын харьцааг бид ижил тэгш болгох чиглэлээр бид маш их ажил хийх ёстой гэсэн дүгнэлтийг би хувьдаа хийсэн.

Тиймээс санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл энэ хугацаанд боловсруулагдах ёстой. Хуулийн төслийг өргөн бариулах, УИХ-аар хэлэлцүүлэх ажлыг би өөрөө хариуцна.

Энэ аяны хамгийн эцсийн бүтээгдэхүүн нь хуулийн төсөл байх ёстой. Эцсийн үр дүнд нь монгол хүн, Монголын санхүүгийн байгууллагууд бүгдээрээ л хожих ёстой” гэв.

"аяны гол хамтрагчийг банкууд гэж үзэж байна"
 

Хууль эрх зүйн газрын Эрх зүйн хэрэгжилт, хяналтын хэлтсийн дарга А.Туул “Бид Азийн Хөгжлийн Банктай хамран санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төслийг хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжиж дууссан ч гэсэн санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон нийт рүү зориулсан аян зарлах шийдвэрийг Монголбанкны удирдлагууд гаргалаа.

Монголбанк нь банкны салбарт зохицуулалт хийдэг учраас аяны гол хамтрагчийг банкууд гэж үзэж Монголын банкны холбоотой хамтран ажиллаж байна. 14 банк энэ аяны хүрээнд 5 сарын хугацаанд 5 төрлийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилго тавьж ажиллахаар шийдсэн. Энэ чиглэлээр ямар ч байсан салбарынхаа хэмжээнд ахиц гаргаж ажиллана.

Мөн олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг үе шаттай явуулна” гэв.

Аяны хүрээнд хамрах сэдвүүд:

  • Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ-мэдээлэл өгөх аргачлал,
  • Санхүүгийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалын аюулгүй байдал, түүний хамгаалалт,
  • Санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх,
  • Төлбөрийн карт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал,
  • Орон сууцны ипотекийн зээл, зээлийн мэдээллийн сангийн тухай

зэрэг мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй сурталчилж, танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг нийгмийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, гарын авлага тараах, телевизийн ярилцлага, нэвтрүүлэг, шторк хийх, уулзалт, хурал хэлэлцүүлэг зохион байгуулах, сургалт хийх хэлбэрээр олон нийтэд хүргэж ажиллахаар төлөвлөжээ.