Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн эдийн засгийн өсөлт 2018 онд 3.1 хувь хүрэх боловч ирээдүйн өсөлтийн боломжид анхаарах хэрэгтэй"

ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн эдийн засгийн 2018 оны төлөв байдлын талаарх шинэ тайланг Дэлхийн Банкнаас гаргажээ.

Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдааны эргэлт тогтмол сэргэж, түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжин түүхий эд экспортлогч хөгжиж буй орнуудын эдийн засагт эергээр нөлөөлсөн зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засаг 2017 он төсөөлснөөс илүү өндөр өсөлттэй байсны зэрэгцээ 2018 онд 3.1 хувьд хүрнэ гэж Дэлхийн Банк тооцоолж байна. 

Гэвч энэхүү нөхцөл байдал богино хугацааны савалгаа гэх харагдаж байна. Урт хугацаанд боломжит өсөлт удааширч байгаа буюу хөдөлмөр, капиталыг бүрэн ашиглаж байгаа үед эдийн засгийг хэрхэн хурдацтай хөгжүүлж болох арга зам болох нь дэлхий даяар ядуурлыг бууруулж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилтыг хангахад эрсдэл болж байна хэмээн Дэлхийн Банкны 2018 оны 1 дүгээр сарын Дэлхийн эдийн засгийн төлөв байдал тайланд анхааруулжээ. 

Төв банкууд хямралын дараах арга хэмжээг аажмаар зогсоож, хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжиж байгаа зэргийн улмаас хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 2.2% болж бага зэрэг удаашрах төлөвтэй байна.

Харин түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогчдын үйл ажиллагаа тогтвортой сэргэсний улмаас хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт ерөнхийдөө 2018 онд 4.5% болж чангарах төлөвтэй байна. 

Дэлхийн Банк Группын Ерөнхийлөгч Жим Ён Ким "Дэлхийн эдийн засгийн өсөлтөд өргөн хүрээг хамарсан сэргэлт ажиглагдаж байгаа нь бидэнд урам зориг өгч байгаа ч үүнд сэтгэл амран суух цаг одоо биш юм. Энэ нь хүн болон биет капиталд хөрөнгө оруулах сайхан боломж юм. Дэлхий даяар бодлого боловсруулагчид эдгээр гол хөрөнгө оруулалтанд анхаарлаа төвлөрүүлбэл улс орныхоо бүтээмжийг дээшлүүлж, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэн, нэн ядуурлыг эцэс болгож, хамтын хөгжил цэцэглэлтийг хангах зорилгодоо ойртож чадна” гэв.

Санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллах эхэлж буй эхний жил нь 2018 он юм. Эдийн засгийн сулрал аажмаар замхран арилах төлөвтэй байгаа энэ үед бодлого боловсруулагчид богино хугацааны өсөлтийг дэмжих зорилгоор төсөв, мөнгөний бодлогын хэрэгслээс гадна урт хугацааны нөөцийг нэмэгдүүлэх санаачилгыг харгалзаж үзэх хэрэгтэй.

Боломжит өсөлтийн удаашрал нь олон жилийн хугацаанд бүтээмжийн өсөлт суларч, хөрөнгө оруулалт буурахын зэрэгцээ дэлхийн ажиллах хүчин насжиж байгаагийн үр дүн юм. Энэхүү удаашрал нь дэлхийн нийт ДНБ-ий 65-аас дээш хувийг эзэлж буй эдийн засгуудыг хамарч байгаа буюу өргөн хүрээг хамраж байна.  Боломжит өсөлтийг сэргээх оролдлого хийхгүй бол ирэх арван жилд эдийн засаг улам буурах магадлалтай бөгөөд дэлхийн эдийн засгийн дундаж өсөлтийг дөрөвний нэг хувь пунктаар сулруулж, хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн дундаж өсөлтийг мөн хугацаанд хагас хувь пунктаар сулруулах магадлалтай юм.

Дэлхийн Банкны Хөгжлийн эдийн засаг хариуцсан Ахлах захирал Шантаяанан Деваражан "Боломжит өсөлтийг сааруулж буй хүчин зүйлсд хийсэн дүн шинжилгээ нь тэдгээр асуудлыг шийдвэрлэх боломж бидэнд байгааг харууллаа. Чанартай боловсрол, эрүүл мэндийг дэмжих чиглэлд шинэчлэл хийн, дэд бүтцийн үйлчилгээг сайжруулснаар нь ялангуяа хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн боломжит өсөлтийг бодитойгоор нэмэгдүүлж чадна. Гэвч эдгээр шинэчлэлийн зарим арга хэмжээ нь улс төрийн хүчирхэг бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгарах учраас хөгжлийн үр өгөөжийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох нь чухал юм" гэж хэллээ.

Эдийн засгийн төлөв байдалд тодорхой эрсдэлүүд байсаар байна. Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал огцом чангарах нь эдийн засгийн энэ тэлэлтийг хойш татна. Мөн худалдааны хязгаарлалтыг нэмэгдүүлж, геополитикийн сөргөлдөөн улам бүр нэмэгдэх нь эдийн засгийн үйл ажиллагаа, итгэл үнэмшлийг бууруулж магадгүй юм. Нөгөө талаар, хэд хэдэн томоохон эдийн засгуудын өсөлт төсөөлснөөс илүү байж чадвал дэлхийн эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлж ч болох талтай.

Дэлхийн Банкны Хөгжлийн эдийн засгийн төлөв байдал хариуцсан Захирал Аяхан Косе "Ажилгүйдлийн түвшин хямралын өмнөх үеийн түвшинд хүрч, хөгжингүй эдийн засагтай улс орнууд болон хөгжиж буй орнуудад эдийн засгийн дүр зураг ижилхэн гэрэл гэгээтэй байгаа энэ үед бодлого боловсруулагчид өсөлтийн эрч хүчийг тогтвортой авч үлдэх шинэ арга барилуудыг авч үзэх хэрэгтэй. Ялангуяа хүн амын насжилт эрчимжиж байгаагийн улмаас үүсч буй дарамтыг шийдвэрлэхийн тулд бүтээмжийг дээшлүүлэх шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна" гэв.

Дэлхийн Банкны 2018 оны 1 дүгээр сарын Дэлхийн эдийн засгийн төлөв байдал тайланг January 2018 Global Economic Prospects report хаягаас татаж авна уу.

 

 

Эх сурвалж: Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар