Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Хэлмэгдэгсдийн үр хүүхэд үндэсний цөөнх болсныг төр анхаарах ёстой

Ч.Олдох
2018 оны 1 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нэмэлт нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж байна. Энэ талаар Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.

-УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын өнгөрсөн намар оргон барьсан хуулийн төсөл одоо хэлэлцэгдэж байна. Танай холбоо хуулийн тосолд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үүнийг ярихын өмнө хэлмэгдэгчид гэж хэн бэ, үр хүүхдэд нь яагаад нөхөн олговор хэрэгтэй вэ, тэдний эрх ашгийг хамгаалах холбоо юуны учир байгуулагдав гэдгийг товч тайлбарлах нь зов байх. Яагаад гэвэл, өнөөдөр Монголд болсон хэлмэгдүүлэлтийг ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй хүн байна.Хэлмэгдүүлэлтийн тухай монгол хүн бүр мэддэг байх ёстой, хойч үед тийм зүйл битгий гараасай гэдэг үүднээс энэ тухай ярьж, хэлж, сэрэмжлүүлж байх учиртай юм.

Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо 1990-ээд онд байгуулагдсан, ууган ТББ. Ер нь бол улс орон, ард түмнийхээ үндэсний эрх ашиг,газар нутаг тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан хүмүүс л дандаа хэлмэгдсэн байдаг юм. Тэдний үр хүүхэд ч үеийн үед хэлмэгдэж ирсэн. Хэлмэгдсдийн ар гэр, хүүхдүүд, ялангуяа 1930-1940 онд хэлмэгдсэн хүмүүсийн үр хойч хамгийн их зовж ядарсан.

Тэд нэрээ сольж байлаа, эсэргүүний хүүхэд гэж доромжлогдон гутаагдаж явлаа. Түүнээсээ болж сургууль соёл, ажил албагүй гудамжинд чулуу өшиглөж ирлээ. Өндөр хөгжилтэй орнуудад үндэсний цөөнх гэж байдаг. Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн үр хүүхдэд тийм нөхцөл байдалд хүрсэн.

Манай холбоо тэдний нэр төрийг сэргээх, үр хүүхдэд нь сайхан амьдрах боломжийг өгөхийн төлөө ажиллаж ирсэн. Тийм болохоор 1990 онд байгуулагдсан цагаасаа хөөцөлдсөн нөхөн олговрын тухай хуулийн төсөл өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэж байгааг дэмжиж байгаа.

-Хэлмэгдэгсдийн үр хүүхдийг үндэсний цөөнх гэсэн томьёолол содон сонсогдлоо. Бас төрд гомдсон гомдол ч цухалзаж байна уу даа?

-Хүн гүрнийг байгуулсан их хаан Модунь Шанью “Газар улсын үндэс” гэж цөөн үгэнд олон санааг багтаасан.Тэгэхээр газар шороо, байгалийн баялаг хийгээд тусгаар тогтнолоо хамгаалж, тухайн үеийн төр засгийн буруутай үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцсэнийхээ төлөө тэмцсэн хүмүүс хэлмэгдсэн шүү дээ. Иймд төр анхаарч, хэлмэгдүүлэлтийн талаар явуулж байгаа бодлого, шийдвэртээ хүн рүү хандсан бодлогыг тусгамаар байгаа юм.

Төрд тодорхой алба тушаал хашиж байсан, хашиж байгаа хүмүүсээс ямар хандлага гардаг вэ гэхээр энэ нэг юм дандаа гуйж явах юм. Хөгийн амьтад, новшнууд гэсэн байдлаар ханддаг. Гуйх нь гутамшиг, гуйлгах нь гайхамшиг гэдэг шиг юм болдог. Гэтэл хэлмэгдэгсдийн үр хүүхэд хэдэн үеэрээ, хэчнээн cap жилээр гуйгаад, энэ л асуудлаа ярьж холбоон дээр ирдэг. Төр яагаад биднийг харж үзэхгүй байна вэ.

Эцэг эх, өвгөд дээдсийг маань буудаад алчихсан, шоронд өчнөөн жил тарчлаасан, өмч хөрөнгөө хураалгаж, өвчинд нэрвэгдэж зовж үхлээ. Ийм байхад төр яагаад бидний төлөө ажиллахгүй байна вэ гэдэг гомдлыг байнга тавьдаг. Тэр гомдлыг манай холбоо төрд дамжуулж, 20 гаруй жил асуудал тавьж зүтгэсэн. Үүний дүнд Цагаатгалын тухай хууль батлагдсан. Хэлмэгдэгсдийн хөшөө ч бослоо. Оюун санааны болон сэтгэл зүйн, эд материалын иймэрхүү ажлыг төрийг шаардаж байж хийлгэсэн. Төр хэлмэгдэгсдийн үр хүүхдэд хойд эцгийн юм уу, хойд эхийн байдлаар хандаж болохгүй.

Төр бүгдэд адил тэгш, төрүүлсэн эцэг, эхийн сэтгэлээр хандах учиртай. Тэр тусмаа хэлмэгдэгсдийн үр хүүхдэд төр санаачилга гаргаж, хийсэн үйлдэлдээ гэмшиж ухаарсан ухаалаг алхмуудыг хийх ёстой. Төр засаг хэдэн ч удаа солигдож байсан, аль ч төр засгийн үед энэ бол нэг номерын асуудал. Дахиад хэлэхэд нөхөн олговрын тухай хуулийн гол утга санаа энд оршиж байгаа юм.

-Одоо ярьж буй хуулийн төсөл өмнөх хуулиас юугаараа онцлог вэ?

- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль 1998 онд батлагдсан хуульд хэлмэгдсэн иргэдийн ар гэрт нэг удаагийн нөхөн олговор 500 мянгаас нэг сая төгрөгийг олгох, эрүүгийн ялаар шийтгүүлсэн нас барсан хэлмэгдэгчдийн болон тэдний эхнэр, нөхөр, хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулсан тохиолдолд орон сууц, гэр олгохоор заасан.

Ингэж тэр хүмүүсийн элгийг бага ч болов дэвтээсэн. Гэхдээ тэр хүмүүсийн нулимс өнөө хүртэл хатаагүй яваа. Одоо ярьж байгаа хуулийн төслөөр нөхөн олговрыг орон сууц, эсхүл түүнтэй дүйцэх мөнгөн хэлбэрээр тооцон хорих ялаар шийтгүүлсэн болон цаазлагдсан хүний ар гэр, үр хүүхдэд олгох тухай ярьж байна.

-Асуудал эергээр шийдэгдэж буй нөхцөл байдлын тухайд та юу хэлэх вэ?

-Өмнө явж ирсэн тогтолцоог харахад дандаа Ардын намын хүмүүс Цагаатгах ажлыг зохион байгуулах комисст ажиллаж ирсэн. Энэ удаа нарийн бичгийн даргаар ардчиллын талаас Т.Нарандалай гэж залуу ажиллалаа. Комиссын даргаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллаа. Түүний санаачилга болон нарийн бичгийн дарга Т.Нарандалайгийн дэмжлэг, манай холбооны оролцоотойгоор олон жил хэлэлцэгдэхгүй явж ирсэн хуулийн төсөл сая л хэлэлцүүлэгт орж, хоёр дахь хэлэлцүүлэгт орж байгаа нь асуудал ерөнхийдөө шийдэгдэж байна гэж үзэж байна.

Энд Я.Санжмятавын зүтгэл бодитой үр дүнд хүрлээ. Хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр, үр хүүхэд, садан төрөл, төрөгсдийн өмнөөс талархал илэрхийлье. Аливаа том асуудлыг улс төрийн аргаар шийддэг. Энэ асуудлыг шийдэхэд хоёр намын бүлэг хамтарч, зөвшилцсөн. Тэгэхээр аль нэг талыг харлуулах юм уу, хэт магтах байдлаар бус бодит байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хоёр намын зөвшилцөл, хамтарсан шийдвэрээр хууль батлагдах шатанд явж байна. Магадгүй хэн нэгэнд таалагдахгүй байж болно. Улс төрийн хэлмэгдэгч нь цаазлагдсан бол 80 сая төгрөг, шүүхээр шийдэгдээд шоронд хоригдсон бол 45 сая төгрөг олгох асуудлыг шүүхээр тогтоолгож, комисс шийдээд явна гэсэн үг.

-Зарим нь шүүмжилж байгаа, тэр үеийн хүмүүсийн үр хүүхэд амьд сэрүүн байна уу, үгүй юу, ач зээ нарт нь өгөх үү, үгүй юу гээд. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Ямартай ч асуудал нэг алхам урагшиллаа. Чамлахаар чанга атга. Эхлэл тавигдлаа, цаашид шийдвэрүүд гарах байх. Байдал өөрчлөгдөх байх. Өнөөдөр хагацал зовлонг биеэрээ туулсан хүмүүсийн үр хүүхэд цөөхөн байгаа байх. Гэвч цөөхөн гэж үзэж болохгүй тэр хүмүүсийг төрөөс дэмжиж байна гэж үзэх ёстой. Зөвхөн нэг хэсэг хүн болчихлоо гэж үзэж болохгүй. Нийгмээрээ энэ асуудлыг шийдэж байна гэж үзэх хэрэгтэй.

Зураг