Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГ хангалтгүй, ГУРАВ хэрэгтэй

Т.Жаргалсайхан, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 10
Үндэсний шуудан
Зураг зураг

Монгол Улсад 20 гаруй жил үргэлжилж, ужгирсаар байгаа нэгэн хэрүүл бий. Энэ бол засаглалын тогтолцоогоо нэг мөр болгож шийдэх асуудал. Ардчилсан шинэчлэлийн үеэс хойш өдгөө тав дахь Ерөнхийлөгчийнхөө царайг та бид хараад буй. Харин энэхүү таван эрхэм маань тавуулаа "Шүүх” гэдэг сандал дээрээ сандайлан суух атлаа “Гүйцэтгэх" гэсэн шошготой сандалд дурласаар ирсэн. Тэрхүү “Гүйцэтгэх” сандлыг эзэмших үйлийн үрийг урьд насандаа хураасан хүнийг Ерөнхий сайд гэнэ.

Тэрбээр хажууд нь сууж байгаа сахилгагүй этгээд сандлаас нь түлхээд байна гэж хэчнээн удаа “Хууль тогтоох” 76 сандалд гомдоллосныг хэн ч хэлж мэдэхгүй. Сүүл рүүгээ түүний гомдлыг тоохоо ч больсон гэдэг. Шийдэх хүнгүй, шийдэл үгүй энэ нөхцөл байдал Монгол Улсын улс төр, удирдлагын орчинд зарлаагүй дайн өрнүүлж, улмаар эдийн засгийн хямрал, ядууралд нийтээрээ унахад хүргэсэн гол хүчин зүйл.

Толгой дээрээ сандалны хэрүүл хийсээр байгаад хөлөөрөө яаж гишгэхээ манай улс мэдэхээ байчихсан хэрэг шүү дээ. Гэтэл сүүлийн үед “Шүүх" сандлын эзнийг ингэж зовоож байхаар энэ гурван сандлыг бүгдийг нь өгчихвөл манай улсын дээгүүр нар мандах байх гэсэн санаа хүмүүсийн дунд хүчтэй эргэлдэх боллоо. Түүнийг гурван сандалд өргөөд суулгачихвал юу болохыг нэг эргэцүүлээд үзье. Эргэн тойронд ч хангалттай олон жишээ байгаа.

ГУРАВ ГУРАВ Л ГЭХ ЮМ, ЯАГААД ЗААВАЛ ГУРАВ ЮМ БЭ

Засаглал буюу удирдлагын тогтолцоо түүхэнд нэн сонирхолтой зарчмаар хувьсаж өөрчлөгдсөөр ирсэн байдаг. Хүн төрөлхтний хөгжлийн эхэн болон дунд шатанд хүч, хүчирхийллээр улс орны эрх мэдлийг өөртөө авч, цаашид үр удамдаа залгамжлуулдаг байв. Аажмаар эрх мэдэл ингэж дамжих нь улс орны хөгжлийн замд тушаа болохын зэрэгцээ тэрхүү этгээдийн үр хүүхдээс ард түмэн харшилтай болчихсон.

Дундад зууны үеийн Европын улсуудад хаадын цус ойртолт, хамаатан саднуудын хэрүүл маргаанд энгийн ард иргэд нийтээрээ чирэгддэг байснаас онц зүйлгүй гэхэд төдийлөн буруутахгүй болов уу. Хаад ноёдын хэт дураараа байдал, ухамсар мөчид үйлдлүүд ч тоочоод баршгүй. Гэхдээ удирдан манлайлах чадвараараа хаан ширээг өөрийн болгогчид цөөнгүй байсныг бас үгүйсгэхгүй боловч төр улсыг удирдах ухаан хөгжихийн хэрээр, хүмүүсийн оюун ухааны цар хүрээ тэлэхийн хэмжээгээр нэг хүн нийгмийг бүхэлд нь удирдах үндэслэл үгүй гэдэг нь тодорхой болсон байна. Ямартай ч нэг хувь хүний хүслээс бүхэл бүтэн улс орон хамаараад сайнаа үзэж байсан жишээ дэлхийн түүхэнд ховорхон бий.

Францын нэрт улс төр судлаач, философич Шарль Луй де Монтескье (1689-1755) улс орны эрх мэдлийг субьектив байдлаар гурав хувааж, түүнийг эзэмших эрхийг гурван төрлийн институтэд хуваарилснаар ардчилсан засаглалтай, бүгд найрамдах улсад хамгийн тэнцвэртэй, тогтвортой тогтолцоо бүрдэнэ хэмээн номлосон байдаг. Бүгд найрамдах улсын онол цаасан дээрээс хальж, бодитоор оршин тогтнох үндсийг нь ингэж гурван суурьтайгаар шигтгэж өгсөн байдаг юм.

Ямар ч тохиолдолд хаан гэж байх ёсгүй, эрх мэдэл нэг цэгт төвлөрч болохгүй гэдэг санаа. Дараа нь мэдээжээр тэр гуравт бие биеийнхээ үйл ажиллагааг хянах зарчмыг бий болгосон. Бүгд найрамдах улс маань сэтгэлгээний үйлдвэрээс гарч, Ерөнхийлөгчийн эсвэл парламентын гэсэн шошго зүүн хэрэглэгчдэдээ хүрэхэд бэлэн боллоо.

ХОЁР МОГОЙН ҮЛГЭР

Зам хөндлөн гарсан хоёр могойн үлгэрийг эрх биш та дуулсан байлгүй. Гэхдээ монголчууд бидний өмнө байгаа сонголттой энэхүү үлгэрийн санаа үнэнхүү төстэй учраас товчхон дурдъя. Хоёр могой машин замаар хөндлөн гарч байжээ. Нэг нь олон толгойтой, нэг сүүлтэй. Харин нөгөөх нь нэг толгойтой, олон сүүлтэй. Замын голд олон толгойтой нь ийш тийш сарвалзаж байгаад машинд дайруулсан бол нэг толгойтой нь саад бэрхшээлгүйгээр замын нөгөө талд гарчээ.

Бидний хөндөж буй сэдвийн хүрээнд нэг толгойтой Ерөнхийлөгчийн засаглал олон толгойтой парламентын засаглалаас илүү үр дүнтэй гэж ойлгогдоно. Гэтэл бодит байдал дээр, улс орнуудын туршлагаас харахад нэг толгой дагасан сүүлнүүд зам дээр дайруулаад үлдэх нь олонтоо тохиох аж.

Хоёр зууны тэртээх нэгэн харамсалтай түүхээс жишээ татъя. 1862 онд Латин Америкийн Парагвай Улсын Ерөнхийлөгчөөр Франциско Солано Лопез сонгогджээ. Тэрбээр зан төрхийн хувьд нэлээд хачирхалтай хүн байсан төдийгүй Францын удирдагч Напелеон Бонапартыг шүтдэг нэгэн байж. Дайн тулааны урлагт авьяастай гэж өөртөө итгэсэн тэрбээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа хөрш зэргэлдээ орших гурван улстай дайн зарласан нь Аргентин, Бразил болон Уругвай байж таарав. Өмнөд Америк тив дэх хамгийн хүчирхэг гурван улстай зэрэг дайн зарласан бяцхан Парагвай зургаахан жилийн дотор нийт газар нутгийнхаа ихэнхийг алдаж, 400 мянга орчим иргэнийхээ амь насыг хохироосон гэдэг.

Жишээгээ бага зэрэг наашлуулъя. Өдгөө эдийн засгийн хямралд бүрэн буулт хийж, иргэний дайны галд өртөхөд тун ойрхон яваа Венесуэл Улс аравхан жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхагдсан улсуудын нэг байлаа. 1999 оноос 2013 онд нас барах хүртлээ Ерөнхийлөгчийн албыг хашсан Уго Чавез ч гэсэн дэлхийд нөлөөтэй удирдагчдын тоонд багтдаг байв.

Эх оронч тодотгол, харийнхны дайсан имижээр эрх мэдэлд хүрсэн тэрбээр улсдаа тогтвортой хөгжил, шударга нийгмийг ярьсан шигээ авчирч харамсалтай нь чадаагүй. Венесуэлийн амжилт ердөө л нефтийн үнийн өсөлтөөс болсон нь тодорхой болсон. Түүний амьд байх хугацаандаа АНУ-тай үүсгэсэн сөрөг харилцаа, нийгэмдээ тогтоосон бэлэнчлэх сэтгэлгээ Венесуэлийг дотроос нь задалж байна. Өчигдөрхөн Чавезийн залгамжлагч Мадурог сөрөг хүчин нь зэвсгийн хүчээр унагаахаа албан бусаар мэдэгдсэн. Улс орондоо иргэний дайн авчирсан удирдагчийн нүсэр тоо дахин нэмэгдэх нь энэ бололтой.

АНУ бол Ерөнхийлөгчийн засаглалын сонгодог л<ишээ. Тус улсын тусгаар тогтнолоо зарласнаас хойших 300 орчим жилийн хугацаанд гаргасан удирдагчдын алдаа дундаас 34 дэх Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрын гаргасан алдаа одоо ч АНУ-д хохирол учруулсаар байгаа юм. Исламын ертөнцтэй харшилдахгүй, Ойрхи дорнодод нөлөөгөө тэлэх боломж байжээ. Чухам юу болсон бэ гэвэл сонгуулиар ялалт байгуулсан парламент, шинээр томилогдсон Ерөнхий сайд Мухаммед Мосадде Ираныг бүтэн ардчилсан улс болгож, улсынхаа газар нутаг дээрх газрын тосны нөөц цэгүүдийг төрд хураан авах шийдвэр гаргасан.

Британийн өмчид ингэж шууд утгаар халдсан нь коммунизмын тархалтад нэмэр болно гэж айсан Ерөнхийлөгч Эйзенхауэр 1953 онд Иран Улсын Засгийн газрыг огцруулах төлөвлөгөөг баталж орхисон. Даанч эхэндээ ашгаа өгч байсан энэ шийдвэр 1979 оны Исламын хувьсгалд хүргэж, Ираны шахыг улсаасаа дүрвэхэд хүргэнэ гэж хэн санах билээ. Улмаар АНУ-д итгэх нэг ч Ойрхи дорнодын улс үгүй болж, Иран Улс ч тайван хөгжиж байсан ардчиллаа алдсан гэдэг.

ХААНЫ АМНААС ГАРААД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АМАНД ОРОХ УУ

Ерөнхийлөгчийн засаглалд давуу талууд бий. Гэхдээ сул тал нь түүнээсээ хавьгүй олон байдгийг өнгөрсөн түүх, улс орнуудын жишээ бидэнд нотолж байна. Улс орныг удирдах арга зүй буюу засаглалд тавих хамгийн эхний шалгуур бол уян хатан байдал. Харин Ерөнхийлөгчийн засаглал энэ тал дээр хасах оноо авна. Ерөнхийлөгч ажлаа маш сайн хийж байлаа гэж бодоход хуулийн дагуу тэрбээр ажлаа үргэлжлүүлэн хийж чадахгүй. Дараагийн Ерөнхийлөгч албан үүргээ хангалтгүй гүйцэтгэвэл нийгэм тэр чигээрээ доройтно. Ердөө ганцхан хүнээс хамааралтай болно гэсэн үг.

Хэрэв ажил үүргээ маш муу гүйцэтгэдэг, бүр мэддэггүй гэмээр Ерөнхийлөгч сонгогдвол яах вэ. Эрхзүйн үүднээсээ парламент түүний эсрэг хүчрэхгүй. Бүтэн Ерөнхийлөгчийн засаглалтай улсад өөрийнхөө санал хүсэлтээр албан тушаалаа өгч байсан удаа ч ховор. Тиймээс сайн хүн таараасай гэж залбирахаас өөр ямар ч аврал үгүй гэсэн үг. Парламентын засаглалыг муулах өчнөөн шалтгаан байдаг ч, тэднийг огцруулж, шинийг томилж бас шинээр сонгож болдог шүү дээ.

1992 онд баталсан Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”хэмээн Монгол Улсыг парламентын засаглалтай бүгд найрамдах улс гэдгийг тов тодорхой заачихсан. Даанч Монголын парламент Ерөнхийлөгчийнхөө далласан газар гарч ирж, далайсан газар нь далд ордог жишгийг чухам энэ л Үндсэн хууль бий болгосон.

Хууль эрхзүйн орчныг бүрэн удирдах эрхтэйгээс гадна гүйцэтгэх засаглалд оролцох чадамжтай, мөн бие дааж хуулийн төсөл санаачлах эрхтэй гэхээр нийтлэлийн эхэнд дурдсан гурван сандал дээр хэн ганцаараа сандайлж суудаг вэ гэдгийг vaax шаардлагагүй болно. Монгол Улсын сүүлийн нэг зуун жилийн түүх хаангүйгээр өрнөсөн ч эрх мэдэл нэг цэгт төвлөрч, “хаан” нэргүй хэр нь хааны эрх ямба эдлэгчид нэг нэгээрээ ээлжлэн төрсөөр ирсэн энэ явдлыг зогсоох цаг нь болсон.

Эсвэл нэг мөр Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчийн засаглалыг тодотгоод, сайн Ерөнхийлөгч сонгогдоосой гэж залбирч суух. Ийм л хоёр зам бидний өмнө дурайж байна даа. Харин нөгөө талд нэг сандал надад хэрэггүй, гурвууланг нь өгөөд аль хэмээн ард түмнээ ширүүхэн харах Ерөнхийлөгч...

Зураг