Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

2018-2019 онд зарлагдаж буй гадаадын их, дээд сургуулиудын ТЭТГЭЛЭГ

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN

Гадаад Улсад суралцах хүсэлтэй оюутан залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 2018-2019 оны хичээлийн жилд зарлагдсан Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хүргэж байна.

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
 

2018 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2018 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг доорхийн дагуу бүртгэж байна.

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
 

Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018/2019 оны хичээлийн жилд дахин 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг Унгарын Тэтгэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргана.

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор үзэж танилцана уу.
АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр
 

АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлдэг магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын хөтөлбөр зарлагджээ.

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам Фулбрайтын 2019-2021 тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг гуравдугаар сарын 26-ны 12.00 цаг хүртэл хүлээн авах юм.

Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр 155 орны 4000 гаруй оюутанд магистрын бүрэн тэтгэлэг олгодог бөгөөд 20 гаруй мэргэжлээр суралцах боломжтой.

Тэтгэлэгт хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн байх бөгөөд бакалаврын зэрэгтэй багадаа 1.5 жил ажилласан туршлагатай, TOEFL, IELTS-ийн оноотой байх ёстой.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авна уу.  
Шинэ Зеландын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
 

Тус улсын Засгийн газрын Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Өргөдөл хүлээн авах хугацаа нь 2018 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлэгт тавигдах шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөр /Australia awards/
 

Австралийн тэтгэлэг  нь Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм.

Австралийн сургалтын тэтгэлгийг 2019 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж 2018 онд зарлана.

Өргөдөл гаргах хугацаа 2017 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр ирүүлнэ.

2018 оны өргөдлийн болзол шалгуурт зарим өөрчлөлт орсон байна.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдад тавих болзол шалгуурт оржээ. Мөн 2018 онд, Австралийн сургалтын тэтгэлгийг зөвхөн судалгааны болон танхимын магистрт олгоно. Докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй.

Болзол шалгуурууд

  • Хөгжлийн бэрхшээлээ мэдүүлж нотолсон өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.0-аас доошгүй, Унших, Бичих оноо 5.0-аас доошгүй дүнтэй гэрчилгээ ирүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчийн Сонсох, Ярих чадварын оноо 5.0-аас доош бол, болзол хангасанд тооцно.

Жич: интернэтэд суурилсан болон цаасан хэлбэрээр өгдөг Official TOEFL-ийн дүйцэх оноог хүлээн зөвшөөрнө.

  • Бусад өргөдөл гаргагчдад тавих ажлын туршлагын шалгуур 2017 оныхтой адил хэвээр үлдэнэ.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Канадын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр
 

Канадын Албертагийн Их сургуулийн 2018 оны бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. Тус сургууль нь намар, өвлийн магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Зөвхөн гадаад оюутнуудад нээлттэй тэтгэлэг бөгөөд нэг жилийн магистр, докторын хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулах зорилготой. Тодруулбал 9-р сарын 1-нээс 5-р сарын нэгэн хүртэлх хугацаанд магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан байх ёстой аж.

Тэтгэлэгт хамрагдах материалыг 2018 оны 5-р сар хүртэл хүлээн авна. Суралцахыг хүсэгч нь Killam болон Andrew Stewart Awards -н өргөдлийн загварыг бүрэн бөглөж өөрийгөө танилцуулах ёстой аж.

Канадын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Энэ сургууль нь Алберта мужийн анхны Ерөнхий сайд байсан Alexander Cameron Rutherford болон тус мужийн анхны Ерөнхийлөгч Henry Marshall Tory нарын үүсгэн байгуулсан сургууль гэдгээрээ онцлогтой. “Post-secondary”-ийн хууль эрх зүйн орчныг дэмжиж, эрх олгодог юм.