Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгч Хятадын төрийн тэргүүнд хүлэг морь бэлэглэж, тал заслаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон манай өмнөд хөрш Хятад улсад гурван өдрийн айлчлал хийж байна.

Тэр Францаас ирэхдээ Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинд зориулж, сайн үүлдрийн хүлэг морь авч иржээ. Францын торгон цэргийн агтнаас сонгосон найман настай уг морийг Везувиус гэж нэрлэдэг байна.

Парисын албаны хүн “Энэ бэлэг нь мал эмнэлэг, ариутгалын олон асуудал дагуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд зүтгэл шаардсан. Тиймээс энэ бол жинхэнэ Франц хүндлэл юм” хэмээн ярьжээ.

Макрон ингэж хичээл зүтгэл гаргах болсон шалтгаан нь ойлгомжтой. Их Британи Европын Холбооноос гарснаар түүний Хятадтай харилцах байр суурийг Франц улс эзлэхийг хичээж байгаа юм.

Бээжинд ирэхээсээ өмнө Макрон хэвлэлд ярихдаа “Хятад бол бусад франц хүмүүсийн нэгэн адил миний сонирхлыг соронзон мэт татдаг орон. Энэ бол хамгийн эртний соёл иргэншил. Түүхээс ч урт настай улс гүрэн” хэмээн генерал Де Голийн үгийг эш татаж байв.

Тэрээр Даваа гарагт үг хэлэхдээ Хятадын санаачилсан “Нэг бүс, нэг зам” дэд бүтцийн төслийг магтаж, “Шинэ зам зөвхөн нэг чигтэй байдаггүй” гэж хэлжээ. Түүний энэ үг Бээжингийн эдийн засгийн нөлөөнд орохоос болгоомжилж байгаа улс орнуудын байр суурины эсрэг үзэл болж байна.

Харин энэ зуур Францын гол өрсөлдөгч Британий ерөнхий сайд Тереза Мэй Европын Холбооноос гарах хэлэлцээртэй зууралдсаар Хятадад айлчилж амжихгүй байгаа юм. Тэр өнгөрсөн зун Бээжинд айлчлахаар төлөвлөж байсан ч хэд хэдэн удаа хойшлуулжээ. Хатагтай Мэй энэ сарын сүүлээр Бээжинд зочилж магадгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian