Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөх толботой" кино

Үндэсний шуудан сонин
2018 оны 1 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг

Бүх холбоотын Кино урлагийн их сургуулийн зохиолч шүүмжлэгчийн ангийг дүүргэсэн, мэргэжлийн кино судлаач Сергей Анашкиний монголын кино урлагийн талаарх шүүмжийн эхний хэсгийг СУИС-ийн РТМУС-ийн багш, кино судлаач Б.Түмэн-Өлзийн орчуулснаар хүргэж байна. Сергей Анашкин нь өнгөрсөн онд болсон “Улаанбаатар” олон улсын кино наадамд хүндэт зочноор уригдаж, Монголын кино урлагтай танилцсан юм.

Монголын кино урлагийг гаднынхан тэр бүр мэдэхгүй. Саяхан сониуч европчууд Монголын сонгодог бүтээлүүдийг дахин үзэх боломж гарсан юм. Учир нь Францын судлаач Бастиан Мересонне Везулийн наадамд зориулж зөвлөлтийн үеийн кино үзлэг зохион байгуулсан. (1930-1990-ээд оны эх хүртэлх хугацаанд бүтээгдсэн кино)

Эдгээр кинонд социализмын үзэл бодол болоод ардын ёс заншил нэвт шингэжээ. Бастиан Мересоннегоос “Яагаад сүүлийн үеийн бүтээлүүдээс оруулаагүй юм бэ" гэхэд “Эдгээр кино нь Монголын үзэгчдэд л сонирхолтой” хэмээн хариулсан. Ийнхүү дүгнэх эрхээ тэр 300 гаруй Монголын кино үзсэнээр олж авсан байх л даа.

Би бол дэргэд нь хамаагүй цөөнийг үзсэн. Сүүлийн таван жилд хийгдсэн артхаус бус зах зээлийн 30 орчим бүтээлийг л үзсэн. Энэ дунд маш муу бүтээлүүд ч байлаа. Жишээлбэл, зохиолын алдаатай, зураглаачийн сул ажлуудтай, яршигтай, заримдаа ихэдсэн бүр дэмий хөгжмүүдтэй. Гэвч би мэргэжил нэгт нөхөртэйгөө санал нийлэхгүй байна. Учир нь орчин цагийн Монголын кино урлагт анхаарал татахуйц бүтээлүүд их байна.

Монголын киноны сул болоод хүчтэй тал нь тэдгээрийн өвөрмөцөд оршино. Харин дахин давтагдашгүй нь үндэстний үзэл бодол болоод өвөрмөц сэтгэлгээнд нь оршино. Орчин цагийн Монголын кино урлаг зөвлөлтийн үзэл бодлоос бүрэн ангижирчээ. Ахмад үеийнхэн дадаж сурснаараа Москвагийн кино болоод олон ангит бүтээлүүдийг үзсээр л байна. Гэтэл 30-аас доош насныханд Оросын кино тийм ч дотно бус. Учир нь энэ нь хэлний асуудалтай холбоотой. Залуучууд оросоор бус англиар ярихыг илүүд үзэж байна.Манай үеийн найруулагч нар БНСУ, ХонгКонг, Холливудын загваруудыг илүүд үзэж техникийн шинэ аргууд, эвлүүлгийн барил, өгүүлэмжийн загваруудыг ашиглаж байна.

Нэг зүйлийг дурдахад, зээлдсэн эдгээр загварууд нь Монголын хөрсөн дээр буухдаа ихээхэн өөрчлөгддөг. Гадны хүн монгол киног үзээд уярамтгай гэнэн байдлыг нь гайхдаг. Монголын үзэгч хоёрдмол байдалд дургүй бөгөөд үзэл бодлын тодорхой байр суурийг хүснэ. Үл ойлгогдох байдал түүнийг тавгүйтүүлж аль нь муу, аль нь сайн гэдгийг тодорхой зааж өгөхийг илүүд үзнэ. Шил толь шиг тунгалаг энэхүү байр суурь нь жүжигчдийн тоглолтод нөлөөлж байгаа нь ажиглагдсан. Тод илэрхийлэгдэх сэтгэлийн хөдлөл нь нарийн тоглолтыг үгүй хийж жүжигчид эмгэнэлт бүтээлийн дүрмээр бус маазрах маягийн, ситкомын хөнгөн хэлбэрээр шийдээд байгаа нь харамсалтай.

Монголын кинонд заавал ашиглагддаг нэг арга барил бол мелодрам үндэс. Сэтгэл зүйн триллер байна уу, уянгын инээдэм үү, хүүхдийн кино юу эсвэл гангстер кино байх нь хамаагүй. Энэхүү үзэгдлийг зөвлөлтийн кино судлаач Мирон Черненко өөрийн бичсэн судалгаа болон Монголын кино урлагийн тухай номдоо “Бусад төрлүүдээс мелодрам нь үндэстний сэтгэлгээнд илүү наалдаж, сюжетын болоод баатруудын зан төрхийг өөрчлөх, энгийн түүхээс үзэл бодлыг нь амархан үнэлж дүгнэж болох загварыг бүрдүүлж чаддагаараа тохиромжтой байжээ” хэмээн тайлбарлажээ. Энэхүү дүрэм нь одоог хүртэл ашиглагдаж орчин үеийн монгол кинонд тусгалаа олсоор байна. Мелодрамын энгийн өгүүлэмжээс уг нь хол сүүдрийн гэмээр төрлийн бүтээлүүдэд хүртэл илэрч байна.

Жишээ нь, эротик триллер нь явсаар ханийнхаа араар тавих болон гэр бүлийн үнэт зүйлийг гээвэл юунд хүргэж болох сургамжит новелл болж хувирав. (Аюултай харилцаа 2015), (Ээжээ надтай гэрлээч, 2014). Хүсэмжит эрдэнэсийн эрэл нь шунал болон бусад нүглүүдийн шүүмж хичээл болж үзэгчдийг сургав. (Тайга, 2016). Эдгээр бүтээлүүдийн орчин аль ч төрөлд тохирно. Тансаг харш сууц, ганган хувцас, олон улсын хэмжээний чамирхал гээд. Гэхдээ өгүүлэмжийн логик, болж буй үйл явдлын хүлээж авах арга нь сургаалын шүүлтүүрээр ордог нь үндэсний давтагдашгүй хэлбэр юм.

Уярамтгай сургах дуртай барил нь эрчүүдэд голдуу зориулагдсан тулааны гэмээр бүтээлүүдэд ашиглагддаг нь надад ихэд сонирхолтой санагдсан.

Монголын кино урлаг нь өөр төрлийн киног эрлийзжүүлэх өвөрмөц арга олж чадсан бололтой. Жишээлбэл, туульсын бүтээлийг мелодрамтай холих. Өгүүлэмжийн эсрэг тэсрэг цэнэгүүдийг хүчээр нэгтгэх оролдлого.

Мелодрамын тэсрэлтүүд нь өгүүлэмжийн логик чанарыг тодорхойлж, харин үйл явдлууд нь баатарлаг үйлдлүүдийн цуваа болж егүүлж буй түүхийг илүү амттай хурц болгоно. Тестостероныг адриналины хамтаар өсгөх. Биеийн болоод сэтгэлийн зовлонг давж туулахыг голлож, азгүй тавилан төөрөгтэйгөө тэмцэн байж баатарлагаар харуулж нэр төрөө хамгаалж зорьсон зорилгодоо хүрнэ.

Азийн тэр тусмаа ХонгКонгийн тулааны кинонуудад давтагдашгүй баатарлаг үйлийн хөрс нь эрчүүдийн үнэнч байдалд оршдог.

Эдгээр зоригт баатрууд нь нөхөрлөл, ах дүүгийн нандин холбооны төлөө амиа золиослоход бэлэн.

Энэхүү жорыг Монголын найруулагчид ч ергөн ашиглаж байна. (Үргээлэг, 2014).

Харин түүний анхдагч чанарыг алдагдуулж арай өөр, давхар санаа агуулгатай болгожээ. Монголын эрчүүдийн мелодрамуудад хоёр үндсэн санаа оршино. Нэг нь удмаа үлдээх, эрхээ баталгаажуулах бол нөгөө нь үр удмаа хамгаалах.

Ж.Сэнгэдорж найруулагчийн “Босуул” кинонд вестерн киноны нөлөө анзаарагдсан. Зоригт баатар өөрийнхөө хатан зориг, өгөөмрөө алхам бүртээ батална. Нүүдэллэж буй иргэдийг алуурчдын бүлгээс хамгаалж, хамт аялж буй бүсгүйгээ аюул бэрхшээлээс аврахыг оролдоно. Үйл явдал тэртээх 1937 онд өрнөнө. Малчин ард хил гарч нүүхийг хүснэ. Тэдгээрийн араас дээрэмчид бус нутгийн Аюулаас хамгаалахын хэлтсийнхэн нэхнэ. Төгсгөл энэ төрлийн дүрмийн дагуу болж зөвхөн амрагууд амьд гарна. Хүмүүс хоорондоо байсгээд “Үр удам маань орхисон нутагтаа буцаж ирнэ” хэмээн ярина. Харин үр удам нь эргэж ирэхийн тулд хүүхэд олох хэрэгтэй. Эцэст нь ард олон алуулж харин гол баатар эхнэрийн хамт амьд үлдэж удмаа үргэлжлүүлнэ.

О.Бат-Өлзий найруулагчийн “Маш нууц" бүтээл нь армийн болоод шоронгийн киноны нийлмэл. Ю.Цэдэнбалын үед цэргийн нэг ангид дэгдсэн бослогын тухай өгүүлнэ. Шинэ цэргүүд хал цэргүүдтэй нийлж дэглэлт болон офицеруудын захиргаадалтын эсрэг босно. Намын удирдлагын шийдвэрээр бослогыг маш харгисаар дарах бөгөөд гол буруутнуудыг шоронд хорино. Хоригдлууд оргохоор шийднэ, тэдэнд алдах юм байхгүй. Учир нь гэрийнхэнд нь амь үргэдсэн тухай захиа аль хэдийнээ илгээгдсэн. Гэхдээ энэ кинонд хүүхэдтэй болсон ганц хүн амьд гардаг нь сонирхолтой. Түүнийг нөхөр нь сумнаас хамгаална. Дахиад л баатарлаг туульсын логик хүүхдийнхээ төлөө бүх хариуцлагыг өөртөө тохно. Санаанд багтамгүй хэрэг бүтээж, итгэж боломгүй зориг гарган, өөрийгөө золиослон байж ухаангүй байгаа хүүгээ амьдралыг нь тээж байгаа аппаратаас салгахгүй байхыг хичээнэ.

Мэдээж монгол кинонд эхийн сэтгэлийн тухай бүтээлүүд ч байна.

2016 онд бүтээгдсэн найруулагч Б. Эрдэнэцэцэгийн “Ээж” бүтээлд жендерийн асуудал нь эрчүүдийн үрээ гэсэн үндсэн санааг өөрчилж хийгджээ.

Харьцуулаад үзэхэд Солонгос кинонд үрээ хамгаалах нь эрчүүдийн бус ээжүүдийн, эмээ нарын үүрэг байдаг.

Өнөөгийн амьдралын бодит байдал нь Монголын кинонд онцгой нэгэн төрөл үүсэхэд түлхэц болжээ. Энэ нь харь газар одсон ах дүү нарын тухай. Нарийвчилсан төрлийн бус сэдвийн хувьд бие даасан бүтээлүүд. Амьдралын бололцоотой хэсэг нь Европ болон Азийн хөгжсөн орнуудад боловсрол эзэмшиж мэргэжлээ ахиулаад ихэнх тохиолдолд тэндээ үлддэг. Бололцоо багатай хэсэг нь ажил хийхээр явцгаана. Ажлын хямд хүчийг хууль бусаар ашигладаг тухай олон тохиолдлуудыг сонссон. Эрчүүд барилга дээр ихэнхдээ ажилладаг бол охид бүсгүйчүүдийн зарим нь биеэ үнэлэгч нар болцгооно.

Харьд ажиллаж буй монголчуудын тухай инээдмийн төрлөөс гадна триллерийн шинж бүхий тулааны кинонууд ч байна. Харийн сэдэвтэй бүтээлүүдэд гарцаагүй байдалд орсон тухай ч бий. Найруулагч Ш. Доржсүрэнгийн “Дүүлэн нис” киноны гол баатар бүсгүй гэмт хэргийн хохирогч болно. Залуухан бүсгүй Солонгос айлд үйлчлэгчээр ажилд орно. Эзэд нь паспортыг нь хурааж өөртэй нь төстэй солонгос эмэгтэй болгож талийгаачийн хадгаламжийг авах гэж оролдоно. Хүнд байдлаас арай гэж мултран азаар шахуу нутаг руугаа буцна. 2016 онд нээлтээ хийсэн “Элэг нэгтэн” далдын хүчний бага зэрэг аястай адал явдалт киноны үйл явдал Тайландад өрнөнө. Хүний наймаа эрхэлдэг нутгийн баяны эхнэр монгол бүсгүй амиа алдан байж нутаг нэгтэн охиныг аварна.

2015 онд бүтээгдсэн “Хөх толбот хүмүүс" бүтээл арай өөр сэдэвтэй. Балчир насандаа хагацсан ахыгаа хайхаар Парис хотод ирсэн эгэл жирийн монгол залуугийн эрэл сайнаар төгсөнө. Түүнтэй жинхэнэ “монголчуудын цуглуулга” таарна. Ганган луйварчин, Европт нэлээд удсан сайхан сэтгэлтэй бүсгүй гэх мэт. Гэвч нутаг нэгтнүүддээ бэрхшээл учруулагч эрүүгийн элемент нь явсаар нөгөө хайгаад байсан ах нь болж таарна. Ихэд гэмшсэн тэр нөхөр засрах маягт орж дүүгийн хамт нутгийн зүг хүлгийн жолоо зална.

Төрсөн нутгаас илүү сайхан юм хаа ч үгүй шүү дээ. Гурван өөр төрөл стилийн киног нэг найруулагч бүтээж, харьд одсон бүсгүйчүүдэд эхнэр нь буюу А.Мөнгөнзул тоглосон нь сонирхолтой санагдсан. Ер нь харийн тухай бүтээлүүдэд хүлээн авагч талын нөлөө их байж гоо зүйн сонголтод нь нөлөөлсөн нь анзаарагдсан. Тухайн орны зах зээлийн киноны нөлөө их байсан нь ойлгомжтой. Тайландад хийсэн триллер нь гял цал, бүр ядсан гэмээр байсан бол Солонгосынх харин дүнсгэрдүү, илүү дутуу чимэггүй болсон.

Гэсэн хэдий ч харийн бүтээлүүд нэгдмэл шинжтэй. Тэдгээр нь олон нийтийн сэтгэлгээний шууд тусгал. Монголоо гэсэн сэтгэлгээний тунхаг болж эх оронч үзлийг шууд илэрхийлнэ. Тэд ба бид гэсэн эсрэг тэсрэг байр суурийг тодоор батална. Харь орны хүмүүс янз янз байх боловч хүнд үед элэг нэгтэн л аминд нь орно. Үндэстний нэгтгэлийг шууд илэрхийлсэн бүтээлийн нэр хүртэл байна. “Хөх толботой хүмүүс”. Үндэстний загвар болсон - сургамжит мелодрам нь үзэгчдийн хүсдэг төрөл. Гадаадын судлаачид болон наадмууд ийм бүтээлүүдийг анзаарахгүй юм уу тоохгүй өнгөрдөг. Яагаад гэвэл ойлгомжтой илэрхий санаанаас нь болж тэр юм. Гэтэл нутгийн үзэгчид ийм кинондоо хайртай. Өөрийн “танил” бөгөөд “сурсан хэмжүүр"-тэй.

Гадаадын үзэгчийг Монголын түүхэн кино татаж магадгүй. Учир нь түүхэн сэдэв бол орчин үеийн эмгэнэлт сэдвийг бодвол Монголын кино урлагт илүү ойр байх. Харамсалтай нь, би сүүлийн үед ийм төрлийн кино үзээгүй. Бүтээгчид нь эдгээр киногоо гадны бус дотоод зах зээлдээ илүү гаргахыг боддог.

Тухайлбал, “Улаанбаатар" кино наадмын ялагч “Зүрхний хилэн”. Киног нээлтэн дээр хадмал орчуулгагүй толилуулсан. Дараа нь сураг сонсох нь ээ орчуулсан хувилбар байгаагүй юм билээ.

Соёлын олон талын хэлбэрийг чухалчилж үзвэл европчууд монголчуудын сонголтыг хүндлэх ёстой. Өвөрмөц талыг нь сул гэж, харин онцлогийг нь дутуу дулимаг гэж хүлээж авч болохгүй. Жишээ нь, маш өвөрмөц бөгөөд өөрийгөө бүрэн хангах чадалтай Болливудын кино байна. Бүтээгчид нь барууны ухаантнуудын үгийг тоосон шинжгүй тэдгээрийн шагнал урамшуулалгүй оршсоор л байна.

Гадаад шаардлагад нийцэхийг хүсэж байгаа бол үндэсний кино урлаг өөрчлөгдөх ёстой. Гэхдээ мэдээж нарийн заасан дүрмүүд дотор тодорхой өөрчлөлт ордог талтай. Өөрийн үндсэн шинж болох уяраам гэнэн санаагаа түлхэлгүйгээр монгол мейнстрим нь өөрийнхөө хүрээг тэлэх боломжтой. Гэхдээ саад болоод байгаа хэт энгийн бөгөөд залхмаар агуулгаасаа салах цаг болсон. Тухайлбал, энгийн зөрчилдөөн болон харьцуулалтаас зай барих, хот-хөдөө, өвөрмөц-нийтлэг, энгийн-гял цал гэх мэт. Эсрэг тэсрэг цэнэгийн мөргөлдөөнд тэс ондоог олж харах, хэзээ ч нийлэхгүй юмыг нийлүүлэх боломжийг хайх хэрэгтэй. Монголын төрийн далбааны алтан соёмбо дахь хос загас буюу инь янь нь нэг юмны хоёр хэсэг юм шүү гэдэг шиг.

Үргэлжлэл бий.

Зураг