Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

123 мянган модтой талбайг ухаж элсний карьер болгохыг хэн дэмжиж байна вэ?

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN
 

"Ногоон Ази сүлжээ" ТББ Төв аймгийн Эрдэнэ сум, Налайх дүүрэгт мод тарих зориулалтаар 2009 онд газар ашиглах эрх авчээ. Мод тарих ажилдаа зуднаар малаа алдсан, эрхэлсэн ажилгүй орон нутгийн иргэдийг тэнд ажиллуулж, мөн оюутан залуусын ЭКО сайн дурын ажлыг ашиглан долоон жилийн хугацаанд 123 мянган мод ургуулж байна.

Энэ ТББ нь БНСУ-ын Сувон хотын иргэд болон бусад байгууллагын дэмжлэгээр ийм амжилтад хүрчээ. Гэтэл энэ олон хүний хөдөлмөр, сэтгэл шингэсэн 123 мянган мод бүхий 117 га талбайг "Монгол Стандарт" компани элсний карьер ашиглах зориулалтаар ашиглалтын гэрчилгээ гаргуулж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр тус модны талбайн тал хэсгийг Элсний карьерт зориулан чөлөөлүүлэх шийдвэр гаргуулж чаджээ.

Энэ талаар бид ШУТИС-ын багш "My club"-ын зохицуулагч Д.Сэрдарамаас тодруулсан юм. 


-Хоёр талын маргаантай асуудал ямар шатанд явж байна?

-"Ногоон Ази сүлжээ" ТББ нь хууль ёсоор, тодорхой судалгаа үндэслэлтэйгээр энэ газрыг ашиглалтын зориулалттайгаар аваад 7 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. 117 га энэ том газрыг дэд бүтэцтэй болгож ажиллах хүмүүсээ мэргэжил, чадварт сургаж, 100 гаруй мянган модыг байнга усалж арчилна гэдэг үнэхээр хэцүү ажил. Бид 2007 оноос эхлэн энэ байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд энэ талбайд анхны мод суулгасан үеэс эхлэн одоог хүртэл хамтран ажиллаж ирсэн. Ахмад настай, 30 гаруй хүмүүс тэнд байнга ажилладаг учир 4-10 сарын ихэнх хагас өдөр талбайдаа очиж усалгаа арчилгааны ажилд нь тусалдаг. 

"Монгол Стандарт" компани 2012 онд хууль бусаар тус талбайд дайрч орж ирсэн. Тэр үед УИХ-ын гишүүд, яамдын сайд нарт хандаад, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиад эхэлсэн чинь энэ компани үйл ажиллагаагаа зогсоогоод чимээгүй алга болчихсон. Үүнээс хойш урт нэртэй хууль болон хэд хэдэн хууль, журам, захирамж гараад лиценз нь аль хэдийнээ хүчингүй болсон гэж бодсон чинь, харин ч лицензээ байлгаж байгаад сая хоёр шүүх хурлыг ойрхон хийгээд ялчихлаа.

Өнгөрсөн 11 дүгээр сард тус компани Захиргааны хэргийн шүүхэд ялсныхаа дараа газраа чөлөөл гээд мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. Салхины хамгаалалтын зориулалтаар тарьсан 65 мянган модтой 50 орчим га талбайд тус компани үйл ажиллагаа явуулна гэсэн. Зуун модны элсийг 16 компани олборлодог. Нөөц нь хомсдоод эхэлсэн учир хүрээгээ тэлж эргэн тойрон газрын хөрсийг хуулаад эхэлсэн. Барилгын ажилд карьерын элсийг хэд хэд угааж хэрэглэдэг бол Зуун модны элсийг угаах шаардлагагүй, үйлдвэрлэлд шууд ашиглауйц маш сайн чанарын элс гэж мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс энэ газар элс олборлолт тасардаггүй байх.

Сүүлийн долоон жил тэр газар тасралтгүй ажиллах хугацаанд байгалийн доройтол, хөрсний элэгдэл, усны хомсдол ямар хурдтай явагдаж байгааг шууд харж болохоор үйл явц өрнөж байна. Тиймээс бидний хувьд хүүхэд залуучуудыг тэнд дагуулж очиж Экологийн амьд хичээл явуулах танхим болдог. Энэ том элс, шороог хаасан ойн зурвас бий болчихвол сайхнаа гэж бид бүгдээрээ хичээдэг. Монголд мод ургуулна гэдэг нялх хүүхэд арчилж өсгөхтэй адилхан хэцүү, хариуцлагатай ажил. Модыг ургуулахыг санхүү, мөнгөтэй холбохоос илүү хүний сэтгэл зүрх, чармайлттай холбож үзэх нь чухал. Хүний тархинд нь мод ургуулах сэтгэлийг суулгах нь чухал.

 

2010 оноос хойш энэ талбайд мод тарилаа. Тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд ирж танилцаад мод суулгаад "энэ газарт байгаа бүх карьерийг холдуулна" гэж хэлсний маргааш нь карьерын компаниуд өөрсдийн эзэмшлийн талбайгаа өргөтгөж манай модны талбайг тулгаж суваг татаад элс олборлоод ухчих жишээтэй. Бид энэ байдлыг өөрсдийн хэмжээгээрээ холбогдох сайд, УИХ-ын гишүүдэд байнга танилцуулж байсан.

Одоо карьерын компаниуд олборлолтын талбайгаа бүр өргөжүүлээд 4-5 метр гүнзгий ухснаас тэр хавийн газрууд маш их элэгдэж сүйрэх аюулд өртөж байна. Түүхэн талаасаа энэ газар бол Галдан бошигт хаан Монголын тусгаар тогтнолын төлөө Манжийн хаан Энх-Амгалантай тулалдсан түүхт газар, Ану хатан нас барсан газар.

Бидний хүсэл сая модыг Монголд ургуулж, бүтэн талбайг ойжуулах

-Холбогдох яам болон дээд түвшний хэчнээн байгууллагад хандав. Дорвитой туслалцаа үзүүлэв үү?

-Бид энэ талбайдаа өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 85 мянган хүүхэд залуучуудыг дагуулан ирж ЭКО сайн дурын ажил хийлгэсэн. Олон залуусын хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн талбайгаа зүгээр нэг ухуулчихгүй шүү. Бидний хүсэл сая модыг Монголд ургуулах.

Хандаж болох бүх л хүмүүст хандаж байна. Байгаль орчны сайд санаа тавьж холбогдох хүмүүстээ энэ ажлыг анхааралдаа авахыг даалгасан гэж надтай Яамнаас холбогдсон. Уул нь шууд лицензийг нь цуцалчихад асуудал шууд шийдэгдэнэ. Гэхдээ ашиг сонирхлын зөрчил байдаг шиг санагдсан. "Монгол Стандарт" компанитай холбоо тогтоож, уулзах хүсэлтэй байдаг ч өөрийн гэсэн оффисгүй, хаяггүй тул хайгаад олоогүй. Хэдэн том тэрэгтэй, олборлолтоо хийгээд л барилгуудад элсээ шууд нийлүүлдэг карьерын жишиг компани юм шиг байна лээ. Ерөнхийлөгчид, ЕТГ гээд холбогдох хүмүүст албан бичиг хүргүүлсэн, одоогоор ямар нэг хариу алга.

 
 
 

-Одоогийн байдлаар Улсын Дээд Шүүхэд хандаад байгаа юм байна. Шүүх хурал хэзээ болох вэ. Хэрэв шүүхийн шийдвэрээр ялагдалд хүрвэл цаашид ямар арга хэмжээ авах вэ?

- Бид нэхэмжлэгч, хариуцагч тал биш учир мэдэхгүй байна. Нэгдүгээр сард болно гэсэн. Шүүх шийдвэрээ танхимд өрнөх уур амьсгал, амьгүй цаасаар биш уг үндэс, эх үүсвэр, орчин нөхцөлүүдийг нарийн харж, мэдэрч байж шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. Шүүхийн шийдвэр бидний эсрэг гарчихвал бид яаж ч тэмцэж магадгүй. Би лав 10 жилийн турш бүтээлцсэн талбайгаа устгуулаад зүгээр сууж чадахгүй, Хөлөөвийнхээ олон залуучуудад юу гэж хэлэх үү? Тэдэнд ч ямар санагдах бол?

Дөрвөн жил сайхан ургасан мод нь хэдэн жилийн ган, зургаан сарын хурц нарыг тэсэлгүй үхсэн байхыг хараад уйлж байсан хүүхдүүдийг би мэднэ. Тэднээс шудрага бус шийдвэр гарвал хэд нь сайн дурын ажил дахиад хийх ухамсар, сэтгэхүйтэй үлдэх бол? Тэдний сайхан мөрөөдөл, хүсэл эрмэлзэл байхгүй болчихвол яах уу? гэж би айж байна. Бид, манай хөлөөв сайн дурын ажлыг ухамсраараа хийдэг хүүхдүүдийг нийгэмд хүмүүжүүлдэг.

Энд бид ялж, талбайгаа авч үлдэж байж л олон хүүхдэд итгэл үнэмшил төрнө. 12 жилийн хугацаанд мод, модны талбайгаас үүдсэн юу эсийг үзэв дээ. Сонгино дахь талбайн модоо нүүлгүүллээ. Хятадын ЭСЯ-ны талбайн сарнайн цэцэгт мандлаа устгууллаа. Олон хүмүүст янз бүрээр хэлүүлж муулуулж байсан. Гэхдээ манай хөлөөвт сайн сайхан дурсамж гэрэл гэгээтэй зүйл маш ихийг 12 жилийн үе үеийн хүүхдүүд маань мэднэ.

Биднийг дэмждэг олон байгууллага, хүмүүсээс 310 гаруй сая төгрөг босгож Монголын 12 газар 670 мянган мод ургуулахад сайн дураар оролцсон сайхан дурсамжтай хөлөөв. Бидний амьдралын зарчим мод ургуулах гэдэг энгийн зүйл. Залуус юм хийх бүрт хийсэн ажлыг нь нураагаад байвал цаашид Монголын ирээдүй яах вэ?

ШУТИС-ын багш "My club"-ын зохицуулагч Д.Сэрдарам бидэнд энэхүү тайлбарыг өгсөн юм. Дээд Шүүхийн шийдвэрээр "Ногоон Ази сүлжээ" ТББ байгууллага ялагдалд хүрч 123 мянган модтой төгөл устгагдвал 77.8 хувьд хүрээд байгаа цөлжилтийн хэмжээ цаашид хэд хүрэх бол?