Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Булгамаа: Талийгаач охины цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт бүрэн бус, эргэлзээтэй байгаа

Ч.Зотол, Зууны мэдээ
2018 оны 1 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

БЗД-ийн XXI хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд 13 настай охин бусдын гарт амь насаа алдсан аймшигт хэрэг гарснаас хойш таван cap өнгөрч байна. Хэрэг ямар шатанд шалгагдаж байгааг хуульч, өмгөөлөгч Р.Булгамаагаас тодрууллаа.

-13 настай охин бусдын гарт амь насаа зүй бусаар алдсан хэрэг шалгагдах үйл явц ямар шатанд явж байгаа вэ?

-Хэргийг үйлдсэн хоёр этгээдэд хүчиндэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор яллах дүгнэлт үйлдсэнээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжээд байна. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-ны өдөр болно.

- Шүүх хуралдаан нь болох гэж байгаа юм уу?

-Энэ сарын 11-нд болох хурал гэм буруугийн шүүх хуралдаан биш урьдчилан хэлэлцүүлэг юм. Урьдчилан хэлэлцүүлгийг шүүгч дангаар явуулдаг. Өмгөөлөгчдийн зүгээс олон хүсэлтийг бичгээр урьдчилан тавьсан байгаа.

-Ямар хүсэлтүүд юм бол ?

-Ер нь бол ЭХХШТХ-ийн 33.3 дахь хэсэгт зааснаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах хүсэлтэй байгаа.

-Задлан шинжилгээ дахин хийлгэх хүсэлт юу болсон бэ?

-Нэгдүгээрт, талийгаач охины цогцост шинжилгээ хийсэн дүгнэлт бүрэн бус, тодорхойгүй, эргэлзээтэй байгаа тул дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан байсан тэр хүсэлтээ дэмжинэ. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед илэрсэн гэмтлүүдийн эргэлзээтэй байдлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр түүнд экскумаци хийлгэх аргаар бүтэн биеийн рентген зургийн шинжилгээг ЭХХШТХ-ийн 27.8.1 дэх хэсгийн баримтлан дахин хийлгүүлэх хүсэлт тавьсан юм.

Энэ нь хохирогчийн биед учирсан ясны хугарлыг бүхэлд нь үнэн зөвөөр тодорхойлсноор гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл үр дагаврын шалтгаант холбоо, үнэн зөв бодит байдал тогтоогдох юм. Иймд ЭХХШТХ-ийн 33.3.1.2 дахь хэсэгт заагдсаныг баримтлах нь зүйтэй байна.

Хоёрдугаарт, охины амь нас хохирсон асуудлыг орхигдуулсан, зөвхөн бага насны хүүхдийг хүчиндсэн асуудлаар л прокурор яллах дүгнэлт бичсэн тул хэргийг давхар зүйлчлэх ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай байгаа.

Тодруулбал, хохирогч нь хүчиндэх гэмт хэргийн улмаас амь нас нь хохироогүй бөгөөд хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй /бага насны, орчин тойронд болж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх чадамжгүй байдал/ этилийн спиртийг зохих хэмжээнээс хэтрүүлэн уулгаж амь насыг нь хөнөөсөн үйлдэл, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэл байнгын согтууралд автуулсан зэрэг шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ЭХ-ийн 6.8.1 дэх хэсгийг баримтлан ял ногдуулахаар ЭХХШТХ-ийн 33.3.1.3 дахь хэсгийг баримтлан мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нь мөрдөгчид хэргийг шалгахдаа ЭХХШТХ-ийн 16.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Гуравдугаарт, талийгаач охины ар гэр буюу хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл зүйн гэмтлийг тогтоолгох шинжээч томилуулах хэрэгтэй байгаа. Учир нь сэтгэлд учирсан гэмтлийн зэргийг тогтоолгох шаардлагатай ба нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тооцуулах нь шударга ёсонд нийцэх юм.

-Сэтгэл зүйн гэмтэл гэдгээ тайлбарлаж болох уу?

-Хохирогч гэдэг бол тус гэмт хэргийн улмаас сэтгэл санаа, эд хөрөнгө, бие эрхтнээр хохирсон хүнийг ойлгодог. Сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоох боломж бий бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж сэтгэл хэрхэн гэмтсэн, гэмтлийн хэддүгээр зэрэгт байна, хэрхэн нөхөн сэргээх боломжтой талаар дүгнэлт гаргуулж болдог. Ийм практик ч байдаг, мөрдөгч прокурор зөв асуултаа тавьж тогтоолоо гаргах нь маш чухал.

-Хэрэгтнүүд талийгаач охины ар гэрт ямар нэг хохирол гэж мөнгө төлсөн үү?

- Огт хохирлоо барагдуулаагүй тэр ч бүү хэл оршуулгын бодит зардал ч төлөөгүй.

Зураг