Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цолмон: УИХ-ын гишүүд өөрсдөө гар утасны төлбөрөө төлж байгаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой уулзаж, гишүүдийн гар утасны төлбөр, Засгийн газрын гишүүн УИХ-аас цалинждаг эсэх талаар тодрууллаа.

-УИХ-ын гишүүдийн утасны зардалд жилд 34 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл багагүй шүүмжлэл дагуулж байгаа. Энэ үнэн үү?

-Худал мэдээлэл байна. 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд гишүүдийн утасны зардалд төсвөөс нэг ч төгрөг олгоогүй. Мөн 2018 онд ч төсөвлөөгүй. Уг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар гишүүдийн холбооны зардлыг төрөөс хариуцахаар заасан байдаг. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд  гишүүдийн гар утасны зардлыг төсөвт тусгаж, санхүүжүүлдэг байсан. Харин 2017 оны 01 дүгээр сараас  гишүүд өөрсдөө гар утасны төлбөрөө төлж байгаа.

-Тэгвэл 34 тэрбум төгрөг гэдэг нь хаанаас гарсан тоо юм бол. Яагаад ийм яриа гарах болов?

-76 гишүүн 34 тэрбумаар утсаар ярина гэж юу байх юм бэ. Нэг гишүүнд жилд 447.0 сая төгрөг ногдох нь. Сард 37.0 сая төгрөгөөр утсаар ярьдаг хүн гэж яаж ч бодсон байхгүй. УИХ-ын гишүүд ийм их мөнгөөр утсаар ярьдаг юм байна шүү гэж худал цуурхал зохион байгуулалттай тарааж байна гэж ойлгож байна.

УИХ-ын бүтэн жилийн төсөв, өөрөөр хэлбэл гишүүд, тэдний зөвлөх туслах, намын бүлгийн ажилтан, УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын 2017 оны бүтэн жилийн цалин, хөрөнгө оруулалт, орон нутгийн томилолт, УИХ дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн зардлын нийлбэр л 34 орчим тэрбум төгрөг байсан юм.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа хүн давхар цалин авдаг юм шиг, бас аль нэгээс нь татгалзах тухай яриа гараад байсан. Яаж шийддэг вэ?

-Бас л худлаа мэдээлэл. УИХ-ын гишүүн сайдаар ажиллах болбол цалинг нь Засгийн газар хариуцдаг. УИХ-аас цалин огт авдаггүй.