Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд 56 мянга орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролоос ангид байна"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Сургуулийн өмнөх боловсролын салбарынхан "Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол" уриан дор өнөөдөр зөвлөлдлөө. Тус зөвлөгөөнийг БСШУСЯ, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа аж. 


МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор Ж.Батдэлгэр "Боловсролын чанарын гол хөдөлгөгч хүч болсон багш нарын хөгжлийн тухай асуудлыг энд ярьж байна. Өнөөдөр багшийн хөгжил ямар байгаагаас улбаалаад хүүхдийн ирээдүйн хөгжил шалтгаална. Учир нь хүний амьдралын эхний зургаан жилд хүүхэд зөв амьдралын дадал хэвшилтэй болчих юм бол энэ нь насан туршийн боловсрол, хүмүүжил, төлөвшлийн суурь тавигдана гэж үздэг.

Тиймээс бид өнөөдөр энэ асуудлуудыг дэвшүүлэн зөвлөлдөж байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны буюу 2-5 настай 256 мянган хүүхэд бий. Тэдгээрийн 56 мянга орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролоос ангид байна гэж үзэж байна. Тэгэхээр энд зөвхөн цэцэрлэгийн үндсэн бүлгээс гадна сургуулийн өмнөх боловсролын хамралтыг гэр цэцэрлэг, ээлжийн бүлэг гэх чиглэлээр хэрэгжүүлж байна. Түүнээс гадна хүүхэд харах үйлчилгээ хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын тоог нэмэгдүүлэх тодорхой хэмжээний хүчин зүйл болох байх гэж бодож байна" гэлээ.

Зөвлөгөөний үеэр орон нутгийн болон нийслэлийн СӨБ-ын багш нар үзүүлэн материал, сурах бичгээ танилцуулж, туршлага солилцсон юм.

Хүүхэд харах үйлчилгээний талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хоол зүйч, дэд профессор М.Пүрэвжаваас тодруулсан юм.

Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг өнөөдөр, маргааш, жилийн дараа ч мэдэх боломжгүй байдаг нь гаслантай

 

Тэрбээр "Хүүхэд харах үйлчилгээ өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол олгодог шиг боловсролыг хүүхдэд эзэмшүүлж байгаа эсэх нь эргэлзээтэй асуудал. Харин цорын ганц үнэн бол хүүхэд харж байгаа хүн гэдэг физиологийн нормыг хангасан шим тэжээллэг хоол өгөх ёстой. Тэр үүднээсээ улсаас хувьсах зардал өгч байгаа. Өнгөрсөн 2017 онд ХХААХҮЯ-наас урьдчилсан судалгаа хэрэгжүүлсэн. Хэдий цөөхөн хүүхэд харах үйлчилгээ хамруулсан ч гэсэн ерөнхий дүр зураг гарахад хоолны эрүүл ахуй нь өөрөө асуудалтай байсан. 

Тус үйлчилгээнд нэг хүн таван хүүхэд харах журамтай байдаг. Гэтэл энд нь хүүхэд өсөн бойжиж, хөгжиж байгаа учир хөгжлийг хангадаг хоол, шим тэжээлийн асуудлыг хүүхэд харах үйлчилгээнд нэн түрүүнд тавих ёстой. Энэ үйлчилгээнийхэн өөрсдөө төсөв мөнгө бага гэж яриад, харах боломжгүй гэж байгаа бол болих л хэрэгтэй. Хүнсний хангамж гэж байхгүй учир, тухайн өдөртөө хийх хоолныхоо материалыг авчихдаг. Ялангуяа дахин боловсруулсан хүнсийг өдөр бүр өгдөг байж ч болохоор байдал үүсчихсэн. 

Тэгэхээр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүд хоолоор дамжуулан авах шим тэжээлийг авч чадахгүй байна. Гол нь бид хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг өнөөдөр, маргааш, жилийн дараа ч мэдэх боломжгүй байдаг нь гаслантай. Гэтэл тэр хүүхдийн эрүүл мэндийн хор нөлөө 10, 20 жилийн дараа ил гарна" гэлээ.