Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын 11 ханхүү засгийн газарт эсэргүүцэл илэрхийлсний улмаас баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өөрсдийн эдэлдэг тусгай хангамжаа хасуулсныг эсэргүүцсэн Саудын Арабын 11 ханхүү нийслэл Рияд хот дахь хааны ордны өмнө цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Саудын засгийн газар саяхан тус улсын язгууртнуудын ундны ус, цахилгааны зардлыг төсвөөс төлдөг байснаа зогсоох шийдвэр гаргасан юм. Хан хөвгүүд энэхүү шийдвэрийг цуцлахыг шаардаж, бас 2016 онд цаазлуулсан өөрсдийн үеэл ханхүү Турки Бин Сауд Аль Кабирийн амь насны төлөө нөхөн төлбөр олгохыг засгийн газраас шаарджээ.

Дэлхийн хамгийн том газрын тосны олборлогч Саудын Араб түүхий эдийн үнийн уналтаас эдийн засаг нь хямарч, 2018 онд $52 тэрбумын төсвийн алдагдал хүлээхээр байгаа тул дээдэс язгууртнуудын хангамжийг цуцалж, нэмүү өртгийн албан татвар нэвтрүүлж байгаа юм.

Хан хөвгүүдийг аюулгүй албаныхан тараах гэхэд эсэргүүцсэн тул баривчилж хорьсныг эх сурвалжууд мэдээлжээ. Тэднийг нийслэлийн өмнөд хэсэгт байрлах Аль-Хайер шоронд хорьж, шүүх хурлыг хүлээж байгаа гэнэ.

Sabq мэдээллийн сайтын тодруулснаар эсэргүүцэл илэрхийлсэн язгууртнууд нь Саудын Арабыг үндэслэгч, талийгаач хаан Абдулазизийн үеэлийн шууд удмынхан ажээ.

Өнгөрсөн онд Саудын хааны шууд угсаа залгамжлагчаар тодорсон 32 настай ханхүү Мохаммед бин Салманы шинэчлэл зарим талаараа хэт хатуу тусаж, тус улсыг харилцан зөвшилцлийн үндсэн дээр удирдаж ирсэн дээдсийн гэр бүлүүдийн дунд хагарал үүсэхэд хүргээд байна.

 

Эх сурвалж: The Guardian