Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Америк тивийн уугуул иргэдийн өвөг дээдэс болох хүмүүсийг анх удаа илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Аляскийн газар нутгаас археологийн малтлагаар олдсон 6 долоо хоногийн настай нялх хүүхдийн биений үлдэгдэлд генетикийн шинжилгээ хийсэн эрдэмтэд өнөөгийн Америк тивийн уугуул иргэдийн ерөнхий өвөг дээдэс байсан бүлэг хүмүүсийг анх удаа илрүүлжээ.

Мөн Америк тивд эртний хүмүүс хэрхэн суурьшсан тухай онол шинэчлэгдэж байна.

Өнгөрсөн Лхагва гарагийн “Nature” сэтгүүлийн дугаарт энэхүү судалгааны тайлан нийтлэгдсэн юм. Шинээр нээсэн хүмүүсийг Аляскийн Фэйрбэнкс Их сургуулийн судлаачид “эртний Берингчүүд” хэмээн нэрлэжээ.

Генетикийн шинжилгээ, хүн ам зүйн загварчлалын дүнд Америк тивийн уугуул иргэдийн өвөг дээдэс болох хүмүүс 35,000 жилийн өмнө зүүн Азиас салж Америк тив рүү нүүсэн болохыг тогтоосон байна. Тэд Берингийн хоолойн мөсөн бүрхүүлээр Сибирь Аляскатай холбогдсон байхад шинэ тивд хүрсэн юм.

Дараа нь 20,000 жилийн өмнө тэд хоёр хэсэгт хуваагджээ. Нэг нь алс умардад үлдсэн “эртний Берингчүүд” бол нөгөөх нь урагшаа нүүсэн өнөөдрийн Америкийн уугуул иргэдийн өвөг дээдэс юм.

Генетикийн судалгаанд ашиглагдсан нялх охины цогцосны үлдэгдэл 2015 онд түүнээс бага настай бас нэг охины үлдэгдлийн хамт олдож байжээ. Тэднийг 11,500 орчим жилийн өмнө амьдарч байсан, хоороондоо ураг төрлийн холбоотой хүүхдүүд гэж дүгнэсэн байна. Улмаар Берингчүүдээс салж, урагш нүүж суурьшсан хүмүүс 15,700 орчим жилийн өмнө дахин хоёр хуваагдаж, нэг хэсэг нь хойд Америкт үлдсэн бол нөгөө хэсэг нь өмнөд Америкийг зорьжээ.

Харин дараа нь 6,000 орчим жилийн өмнө Берингчүүдээс салсан хүмүүсээс өнөөдрийн Атабаска угсааны хүмүүс дахин хойд зүгт нүүдэллэн эртний Берингчүүд дээр очиж нийлсэн байна. Үүний дараа Берингчүүд тэдэнд ууссан, эсвэл ямар нэг шалтгаанаар устаж үгүй болжээ.

Эрдэмтэд генетикийн шинжилгээг хийхдээ эртний Беринг охидын олдворыг өнөөдөр Америк тивд амьдарч байгаа янз бүрийн овог аймгийн хүмүүсийн генийн мэдээлэлтэй харьцуулсан байна.

Харин эрдэмтэд зүүн Азийнхан 20,000 жилийн өмнө хуваагдахдаа Берингийн хоолойг гатлаагүй байхдаа хуваагдсан уу, гаталсан хойноо хуваагдсан уу гэдгийг тайлж чадахгүй байгаа гэнэ.

 

 

Эх сурвалж: Science Daily