Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Интернэтээр зэвсэглэсэн хүүхдийг номтой харьцдаг болгохын тулд бид өөрсдөө судалгаагаа хийх төвтэй болж байна"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын суурь болон хавсарга судалгаа хийх, үр дүнг турших, арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой МУБИС-ийн Суурь судалгааны төвийн нээлт өнөөдөр боллоо.

Ёслолыг нээж БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр үг хэлсэн юм. Тэрбээр "Боловсролын суурь судалгааны төв байгуулагдаж байгаад Боловсролын яамны зүгээс сайшааж хүлээн авч байгаа. Боловсролын салбарт шинэчлэлт хийгдээд нэлээд хэдэн жил болж байна. Шинэчлэлтийн дагуу хийгдэж байгаа ажилд алдаа дутагдал байгаа эсэх, түүнийг засаж, сайжруулах талаарх судалгаа үгүйлэгдэж байна. Манай улсын багш, боловсон хүчнийг бэлтгэдэг МУБИС-д энэ суурь судалгааны төв байгуулагдаж байгаа нь сайн зүйл. Бид бол боловсрол импортлогч орон. ХХ зуунд ч импортолж байсан, одоо ч импортолсон хэвээр байна. 

Үндэсний онцлог, шинж чанараа хадгалахын тулд бид судалгаатай, өөрчлөлтүүдийг яаж зөвөөр тусгах вэ гэдэг асуудлыг судалж байх ёстой гэж боддог. Үүнд шинээр байгуулагдаж байгаа төв маань хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Дэлхий хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Интернет, зурагт, компьютероор зэвсэглэсэн хүүхдэд боловсрол олгож, номтой хэрхэн харилцдаг болох гэх мэт шинэ асуудал дэлхий нийтэд тулгарч байна. Энэ асуудлыг бид тойрч гаралгүй дайрна. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдөө судалгаагаа гарган ажиллах нь зүйтэй гэж бодож байгаа. Тиймээс ч энэ шинэ судалгааны төв байгуулагдаж байгаад баяртай байна" гэлээ.

Тус судалгааны төв нь тогтвортой хөгжил судлал, үйл судлал, квант сэтгэл судлал, хичээл судлалын гэх дөрвөн сектортой аж. 

Судалгааны харьцангуй хоосон орон зайг нөхөж, өөрийн боловсролын брэнд гаргана гэдэг нь сайшаалтай

 
Гэрэл зургийг mpa.mn

ШУА-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар "Боловсролын соёл судалгааны төв гэдэг бие даасан институцийг байгуулаад, удирдлага, менежтмент, санхүүжилтийн механизмыг зохион байгуулж байгаа анхны гэж хэлж болохоор хувилбар гэж бодож байна. Их сургуулиудын харъяа эрдэм шинжилгээний төвүүд бий. Гэхдээ өнөөдрийг хүртэл олигтой зүгшрээгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. 

Тэгэхээр ийм зүгшрээгүй, эрэл хайгуул хийж байгаа шатанд судалгааны их сургууль Засгийн газрын бодлоготойгоо уялдуулан өөрийн сургуулийн өвөрмөц онцлогийг тусган, олон эрдэмтэн багш нарыг нэгтгэн тус төвийг нээж байгаад баяртай байна.

Судалгааны тэргүүлэх чиглэл, гол зорилгыг нь харахад бусад салбар нэгжийн боловсролын хүрээлэн болон, академийн хүрээнд явагдаж байгаа судалгаатай давхардахааргүй, харин түүний харьцангуй хоосон орон зайг нөхөж, өөрийн боловсролын брэнд гаргана гэдэг нь сайшаалтай санагдлаа" гэлээ

Нээлтийн ёслолын дараа ирсэн зочид дурсгалын самбар дээр гарын үсэг зурсан юм.