Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

366 ӨДРИЙН ХИЧЭЭЛ: Хуучныг орхих чадвар

ikon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолчдын нэг бол Питэр Ф.Дракер билээ. Тэрбээр Австри улсад 1909 онд мэндэлж, 1950-1971 онд Нью-Йоркын Их сургуулийн менежментийн багшаар ажиллан, 1971-2005 онд Клермонтын Их сургуулийн нийгмийн шинжлэх ухаан ба менежментийн профессор болсон аж.

Улмаар 1939 оноос эхлэн 39 ном туурвиж, The Wall Street Journal ба Harvard Business Review зэрэг сэтгүүлд олон зуун өгүүлэл, нийтлэлээ хэвлүүлжээ. Нэрт эрдэмтэн орчин үеийн даяарчлагдсан зах зээлийн онолыг боловсруулж, «мэдээллийн ажилтан»-ы талаарх үзэл баримтлалыг анхлан дэвшүүлсэн юм. Дэлхийн тэргүүлэх бүх концерн өнгөрсөн зууны 40-өөд оны дунд үеэс түүний онол үзэл баримтлалаар амьдарч байна.

Түүний алдартай бүтээлийн нэг болох зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ. 

Нэгдүгээр сарын 5: Хуучныг орхих чадвар

-Цогцсыг өмхийрөхөөс хамгаалах шиг хэцүү, өртөг өндөртэй, мөн үр дүнгүй зүйл гэж үгүй-

Бүтээлч удирдах албан тушаалтнууд олон зүйлийг үр бүтээлтэйгээр хийх ёстой гэдгийг мэддэг. Тиймээс ч тэд төвлөрч чаддаг. Удирдах албан тушаалтны анхаарлаа хандуулах эхний ажил бол ашиг өгөхөө больсон өнгөрсөн үеэс салах явдал юм. 

Ховор бөгөөд хамгийн чанартай баялаг болох хүний хөдөлмөрийн хүчээ шууд л маргаашийн боломжуудын төлөө ажиллуулж эхлэх хэрэгтэй. Хэрвээ удирдагчид өнгөрснийг орхиж чадахгүй бол маргаашийг бүтээж чадахгүй. 

Зохион байгуулалттай, зорилготойгоор хуучныг орхиж чадахгүй бол байгууллага сүйрэлд хүрнэ. Ингэснээр хамгийн чухал баялгаа хийх ёсгүй, хэрэгцээгүй болсон зүйлүүд дээр дэмийн зарлагадах болно. Улмаар гарч ирсэн боломжуудыг тултал нь ашиглаж байх үүрэгтэй гол баялаг болох чадварлаг хүмүүсээр дутагдана. Хуруу дарам цөөн байгууллага л өнгөрснөө орхих шийдвэр гаргахад бэлэн, маргаашдаа бэлтгэсэн баялагтай байдаг. 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Урагшгүй болсон бизнест нөөц баялгаа үрэхээ зогсоож, оронд нь чадварлаг хүмүүстээ шинэ боломжуудыг ашиглах бололцоо олго.