Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Монголбанк Засгийн газар, арилжааны банкуудад зээл олгож, ААН-үүдэд олгохгүй

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. 

Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдвал Монголбанк Засгийн газар, арилжааны банкуудад зээл олгоно. Харин аж ахуйн нэгжүүдэд олгохгүй гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тайлбарлалаа. 

Аж ахуйн нэгжүүдэд 800 гаруй тэрбум төгрөг зээлээр өгсөн

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Н.Золжаргал Ерөнхийлөгчийн үед Монгол Улс валютын нөөцөө шавхсан. Дэмжих зээлүүдийг арилжааны банкуудаас илүү аж ахуйн нэгжүүдэд олгосон.

Аж ахуйн нэгжүүдэд 800 гаруй тэрбум төгрөг зээлээр өгсөн байгаа юм. Үнэ тогтворжуулах нэрийн дор Монголбанк олон зээлүүдийг олгосон. Үр дүнд нь Монгол төгрөгийн худалдан авах чадвар муудсан.

Энэ бүгдийг засахын тулд хуулийн өөрчлөлт орж ирж байгаа. Төлбөрийн чадвартай банканд зээл олгож болно гэсэн байна.

Харин аж ахуйн нэгжид олгох зээлийг яах юм бэ? Аж ахуйн нэгжид олгогдсон зээлүүд эргэн төлөгдсөн үү?

Ямар эрх хэмжээний хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон бэ? Монголбанк Засгийн газрын түрийвчний үүрэг гүйцэтгэж байна" гэв. 

Их хурлын дарга солигдвол Монголбанкны Ерөнхийлөгч солигддог байдлыг болиулмаар байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Манайхан популизмаас салмаар байна. Монголбанкны Ерөнхийлөгч чадамжтай байх ёстой.

Монголбанкны Ерөнхийлөгч Nokia барьчихаад гадны хүмүүстэй хэд арван сая долларын гэрээ хэлэлцэл хийвэл инээдтэй шүү дээ.

Их хурлын дарга солигдвол Монголбанкны Ерөнхийлөгч солигддог байдлыг болиулмаар байна" гэлээ. 

Мөнгөний бодлогын зөвлөл хамгийн чухал шийдвэр гаргадаг байгууллага

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Төвбанкны мөнгөний бодлогын зөвлөлийг бүрдүүлж байгаа процедурт шүүмжлэлтэй хандаж байна. Бид нар их сүр болж байж, мөнгөний бодлогын зөвлөлийг батлах гэж байна. 

Мөнгөний бодлогын зөвлөл хамгийн чухал шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой. Зээлийн мэдээллийн сангаа ажиллуул. Зээлийн батлан даалтын сангаа ажиллуулах хэрэгтэй байна. 

Банкин дээрх хяналт шалгалтыг сайжруулж, хороотой болох нь зөв. Гэхдээ хяналт шалгалтын зөвлөлд санхүүгийн зохицуулах хорооны дарга гэх зэрэг хүмүүсийг оруулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Монголбанкны аппаратын хэдэн хүн энэ зөвлөлд багтчихаад хяналт хийнэ гэвэл худлаа" гэв.