Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Иранд дэгдсэн бослогыг дарахаар Хувьсгалт Гвардийг илгээлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Иранд зургаа хоног үргэлжилж, 21 хүний аминд хүрээд байгаа бослого тэмцлийг дарахаар Тегераны эрх баригчид Хувьсгалт Гвардийг гурван мужид илгээжээ.

Эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг шүүмжилсэн залуу үеийнхний тэмцэл өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт эхэлсэн нь эцэстээ тус улсын шашны удирдагч Аятолла Аль Хамейнигийн эсрэг бослого болон хувирсан юм.

Бослого тэмцэл хамгийн их хохиролтой өрнөж байгаа Хамадан, Исфахан, Лорестан мужууд руу Хувьсгалт Гвардийн элит дайчдыг илгээж байгааг тус байгууллагын командлагч, генерал Мохаммад Аль Жафари хэвлэлд ярьжээ.

Ираны шийт шашны дэглэмийн гол ташуур гэгддэг элит цэргийн анги Хувьсгалт Гварди 2009 онд сонгуулийн луйврыг эсэргүүцсэн иргэдийн тэмцлийг нухчин дарах үеэр арав гаруй хүн амь үрэгдэж байв.

Иранд болж буй үйл явдлын талаар дэлхийн улс орнууд янз бүрийн байр суурьтай байна. АНУ, Израйл Саудын Араб улсууд босогчдыг дэмжиж, Вашингтон Ираны эсрэг нэмэлт эдийн засгийн хориг тавих замаар тэмцэгчдийг дэмжихээ илэрхийлээд байгаа юм.

Харин Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ, Израйль, Саудын Арабын талуудад хурцадмал байдлыг дэвэргэхгүй байхыг анхааруулж, ингэх нь дайнд хүргэж болзошгүйг хэлжээ.

Германы гадаад хэргийн сайд Зигмар Габриел мөн Ираны нөхцөл байдал хүндрэхээс болгоомжилж байгаагаа илэрхийлээд Тегерантай яриа хэлэлцээрийн замаар харилцахыг уриалсан байна.

Исламын Бүгд Найрамдах Иран улсыг 1989 оноос хойш удирдаж байгаа 78 настай Аль Хамейни нь тус улсын хамгийн том эрх мэдэлтэнд тооцогддог.

 

Эх сурвалж: Reuters