Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Интел процессорт илэрсэн цоорхой бүх компьютерийг удаан болгоно

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Интел компанийн үйлдвэрлэсэн төв процессоруудад илэрсэн цоорхой өнөөдөр ажиллаж байгаа бараг бүх компьютеруудын хурдыг удаашруулахад хүргэж болзошгүй болжээ.

Микро эд ангийн түвшинд илэрсэн уг цоорхой нь үйлдлийн системийн түр хадгалж байгаа нууц үг, түлхүүрүүдийг хулгайлах боломжийг хакеруудад олгож байгаа юм.

Зөвхөн үйлдлийн системийн түвшинд (kernel) засаж болох тул Windows, Linux, MacOS системийн үйлдвэрлэгчид цоорхойг нөхөхөөр эрчимтэй ажиллаж байгаа гэнэ. Уг алдааны тухай хоёр сарын өмнөөс үйлдвэрлэгч нь мэдсэн бол өчигдөр Британий The Register сайт анх удаа олон нийтэд ил болгосон байна.

Гэхдээ үйлдлийн системийн нөхөөсөөр хамгаалсны дүнд Интел процессортой компьютеруудын хурд мэдэгдэхүйц буурна гэж үзэж байна. Ямар загварын процессор хэрэглэж байгаагаас хамааран 5-30 хувиар хурд нь буурна гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Интел компанийн үйлдвэрлэсэн бүх CPU чипнүүдэд дээрх цоорхой илэрсэн юм. Өнөөдөр дэлхий дээр ажиллаж байгаа компьютер, серверүүдийн бараг 90 хувь нь Интел процессортой тул аюулгүй байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа гэнэ.

Майкрософт компани дээрх цоорхойг засварлах Windows үйлдлийн системийн шинэчлэлээ ирэх долоо хоногийн Мягмар гарагт гаргах тухай эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Verge