Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

366 ӨДРИЙН ХИЧЭЭЛ: Зохион байгуулалтын инерц

ikon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолчдын нэг бол Питэр Ф.Дракер билээ. Тэрбээр Австри улсад 1909 онд мэндэлж, 1950-1971 онд Нью-Йоркын Их сургуулийн менежментийн багшаар ажиллан, 1971-2005 онд Клермонтын Их сургуулийн нийгмийн шинжлэх ухаан ба менежментийн профессор болсон аж.

Улмаар 1939 оноос эхлэн 39 ном туурвиж, The Wall Street Journal ба Harvard Business Review зэрэг сэтгүүлд олон зуун өгүүлэл, нийтлэлээ хэвлүүлжээ. Нэрт эрдэмтэн орчин үеийн даяарчлагдсан зах зээлийн онолыг боловсруулж, «мэдээллийн ажилтан»-ы талаарх үзэл баримтлалыг анхлан дэвшүүлсэн юм. Дэлхийн тэргүүлэх бүх концерн өнгөрсөн зууны 40-өөд оны дунд үеэс түүний онол үзэл баримтлалаар амьдарч байна.

Түүний алдартай бүтээлийн нэг болох зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ. 

Нэгдүгээр сарын 4: Зохион байгуулалтын инерц

-Бүх байгууллагад тэднийг үнэнтэй нүүр тулахад хүргэдэг дэг журам байх хэрэгтэй-

Бүх байгууллага ямар нэгэн сайжруулалт болон шинэчлэлтгүйгээр удаан хугацаанд ашигтай ажиллаж чадах хөтөлбөр, үйл ажиллагаа байдаггүй гэдгийг мэдэж байх шаардлагатай. Ямар ч үйл ажиллагаа эрт оройгүй хэзээ нэгэн цагт хэрэгцээнээс гардаг.

Үүнийг тоолгүй орхидог байгууллагуудаас хамгийн том нь засгийн газар. Үнэхээр ямар нэгэн зүйлийг хийхээ зогсоож чаддаггүй байдал нь төр засгийн үндсэн өвчин бөгөөд өнөөдөр засаг яагаад доголдолтой байгаагийн гол шалтгаан нь энэ. Эмнэлэг, их сургуулиуд өчигдрөөсөө салж чадах чадвараараа төр засгаас бага зэрэг л илүү байдаг. 

Бизнесменүүд ч өнгөрсөнтэйгөө төрийн түшмэлүүд шиг л зууралддаг. Тэд ч ялгаагүй ямар нэгэн хөтөлбөр амжилтгүй болбол түүнд зарцуулсан хүчин чармайлтаа хоёр дахин ихэсгэж хариу барьдаг. Харин тэд азаар өөрсдийн хүсэл сонирхлоо дураараа өөгшүүлж чаддаггүй юм. Тэд зах зээлийн дэг журам хэмээх объектив дэг журамд баригддаг. Тэдэнд ашигтай байдал хэмээх хөндлөнгийн бодит хэмжүүр байдаг. Тиймээс ч амжилтгүй болон үр бүтээлгүй байдлаас хэзээ нэгэн цагт салахаас өөр сонголтгүй болдог. Засгийн газар, эмнэлэг, арми зэрэг байгууллагуудын хувьд эдийн засаг л ганц хязгаарлалт нь юм.

Бүх байгууллага өөрчлөгдөх чадамжтай байх ёстой. Бидэнд бизнест буй зах зээлийн туршилт болон ашигт байдлын хэмжүүртэй адил бусад байгууллагад тохирох зарчим, шалгуур хэрэгтэй. Тэдгээр зарчим, шалгуур нь харилцан адилгүй болно.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Таны ашгийн бус байгууллага үйл ажиллагаагаа хянах нарийн зарчим, шалгууртай эсэхийг нягтална уу.