Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

MoneyGram-ийг худалдаж авах Алибабагийн наймаанд Вашингтон хориг тавилаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын мөнгөн гуйвуулгын MoneyGram International компанийг Хятадын Алибаба группын Ant Financial компани худалдаж авах наймаанд Вашингтоны эрх баригчид үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хориг тавьжээ.

$1.2 тэрбумын дүнтэй энэ хэлэлцээр бүтсэн бол Дональд Трампын засаглалын үед хийгдсэн АНУ-Хятадын компаниудын хамгийн том наймаа болох байлаа.

Мөн дотооддоо Tencent Holdings компанийн WeChat төлбөрийн үйлчилгээтэй ширүүн өрсөлдөж байгаа Жэк Магийн дэлхийд гарах санаархалд том цохилт болж байна. Жэк Ма жилийн өмнө Дональд Трамптай Нью Йорк хотод уулзахдаа АНУ-д нэг сая ажлын байр бий болгохоо амлаж байв.

Гэвч Хойд Солонгост нөлөөлөхийг Хятадаас байнга шахах болсон Трампын засгийн газар Хятадтай хийгдэх наймаануудад хатуу байр суурь баримтлах болсон юм. Өмнө нь Вашингтон АНУ-ын хагас дамжуулагчийн Lattice Semiconductor Corp компанийг худалдаж авах $1.3 тэрбумын наймаа, даатгалын Genworth Financial компанийг авах гэсэн $2.7 тэрбумын наймаа, гар утасны маркетингийн AppLovin компанийг авах $1.4 тэрбумын наймаануудад хориг тавьжээ.

Далласт төвтэй MoneyGram компани нь дэлхийн 200 гаруй оронд 350,000 цэгээр үйлчилгээгээ явуулдаг. Ant Financial компани тэдний Хятадын гадна ажилладаг сүлжээг ашиглан зах зээлээ тэлэхээр төлөвлөж байв.

Наймаа бүтэлгүйтсэн тул Ant Financial компани MoneyGram-ийн хохирлыг барагдуулахад зориулж $30 саяыг төлсөн тухай тус компани мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters