Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин энэ онд иргэн төвтэй бодлого баримтлахаа зарлалаа

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 3
Үндэсний шуудан
Зураг зураг

БНХАУ 2018 онд дотооддоо өргөн цар хүрээг хамарсан шинэчлэл хийхийн сацуу хариуцлагатай, их гүрний хувьд олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх болно гэж тус улсын дарга Ши Жиньпин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний орой ард иргэддээ болон дэлхий дахинд шинэ оныг угтан мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ онцолжээ.

Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, “Бүс ба Зам” эдийн засгийн санаачилгын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэхийн төлөө 2018 онд бид илүү их хүчин чармайлт гаргах болно. БНХАУ шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой 2018 онд тохионо. Энэ ойн хүрээнд бид өргөн цар хүрээг хамарсан шинэчлэлийг хэрэгжүүлэх болно. 2020 он гэхэд ядууралд бүрэн цэг тавина гэсэн амлалтаа биелүүлэхийн төлөө зүтгэх болно” гэжээ.

2017 онд Хятад Улс 13 сая ажлын байрыг нэмж бий болгосноор ДНБ нь 80 их наяд юань буюу 12.3 их наяд ам.долларт хүрч нэмэгдсэн байна. Мөн тус улс өнгөрөгч онд 1.35 тэрбум иргэнээ эрүүл мэндийн даатгалд хамруулж, хөдөө орон нутгийн 10 сая гаруй иргэнээ ядуусын эгнээнээс гаргаж чаджээ. Түүнчлэн Хятад Улс зорчигч тээврийн “C919” том оврын нисэх онгоцноос эхлүүлээд 350 км/ц-ийн хурдтай “Fuxing” буюу “Сэргэн мандалт” хэмээх хурдны галт тэргийг дотооддоо үйлдвэрлэсэн зэрэг нь 2017 онд шинжлэх ухаан технологийн салбарт Хятадын ард түмний гаргаж чадсан томоохон ололт амжилт гэдгийг Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр ирэх жилд боловсрол, ажилгүйдэл, орлого, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ, өндөр настны халамж, орон сууц, байгаль орчин хамгаалал зэрэг иргэн төвтэй үйл ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулна. Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газрын үйл ажиллагаа хүлээлтээс доогуур байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс бид хариуцлага хүлээх чадвараа бэхжүүлж, ард түмний сайн сайхан байдлыг хангаж ажиллах болно” гэжээ.

“Fudan” их сургуулийн судлаач Сүн Лужен “Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад Улс эдийн засаг, нийгмийн тогтолцоо, аж үйлдвэржилт, эдийн засаг хурдацтай өсөж томоохон зорилтуудад богино хугацаанд хүрсэн гэдгийг онцолжээ. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд дэлхийн улс орнуудын удирдагчид дэлхий дахинд болон ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Тэгвэл хамгийн өөдрөг мэндчилгээ дэвшүүлсэн Ерөнхийлөгчөөр Ши Жиньпинийг Guancha” судалгааны байгууллага нэрлэсэн байна.

Учир нь дэлхийн удирдагчид мэндчилгээндээ улс орондоо тулгамдаж буй асуудал болон салан тусгаарлах үзэл, популизм, дүрвэгсдийн хямрал, терроризмын аюул зэргийг дурдсан бол Ши Жиньпин зөвхөн ирээдүйд хийх зүйлсээ болон ололт амжилтаа дурдсан байна. Их Британийн Эдийн засаг, бизнесийн судалгааны төв “ Хятад Улс 15 жилийн дотор буюу 2035 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болно” гэж таамаглажээ.

Тус судалгааны байгууллага ирэх 15 жилийн төлөв байдлын талаарх судалгааны тайлангаа оны өмнөхөн нийтэлсэн байна. Уг тайланд “2032 он гэхэд БНХАУ ДНБ-ийнхээ хэмжээгээр АНУ-ыг гүйцэж түрүүлэх магадлал өндөр байна” гэжээ. Одоогоор АНУ нь ДНБ-ийхээ хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа бол Хятад Улс хоёрдугаарт орж байгаа юм.

Зураг