Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүү: Төмөр замчдын амьдралаа золиослон байж олсон цалингаас илүү татвар авах нь зөв үү?

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос татвар, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монголын Төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа "Төмөр замчид бид төр засгаа хүлээсэн. Өнгөрсөн 12 дугаар сард МҮЭХ-ны төлөөлөл, Нийгэм Хамгааллын байнгын хорооны дарга, Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзсан. Гэвч ямар ч хариу өгөөгүй, үр дүнд хүрсэн. Тиймээс бид өнөөдөр ийнхүү мэдээлэл хийж, дараагийн зохих арга хэмжээ, тэмцлийн хэлбэрт шилжсэнээ мэдэгдэж байна.

Манай төмөр замчид ширээний ард сууж байгаад олсон орлогоосоо татвар төлдөг юм биш. Өдөр шөнөгүй нойр хоолоо хасаж, ар гэрээ умартан, ажлын хүнд хэцүүг үүрч, хэвийн бус нөхцөлд ажилладаг. Тэдний авч буй мөнгө цалин гэхээс илүү гаргаж буй хүч, энергийнхээ оронд авч буй нөхөн төлбөр гэсэн үг. Тэгэхээр энэ татвар тэдний амьжиргааны түвшинд халдсан сөрөг үр дагавар гэж үзэж байна. 

Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаран хувь буюу 7,771 хүн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Үүний 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэд 50 нас хүрээд тэтгэвэрт гарах ёстой. Гэвч тэдний тэтгэвэртэй гарах насыг жил бүр зургаан сараар шат дараалалтай ахиулж байна. Энэ үйлдэл өөрөө нийгэмдээ зохицохгүй. 

Энэ хүмүүсийн ард олон хүүхэд гэр бүл нь бий. Тэдний орлого нь төрд илүү орлого мэт харагдаж байгаа нь улс төрчид ард иргэдээ харж буй харалган үзлийн илрэл гэж ойлгож байна. 

Дараагийн удаа бид тэмцлийн олон хэлбэрийг сонгоход бэлэн гэдгээ төмөр замчид төрд анхааруулж байна" гэсэн юм.

Монголын Төмөр Замчдын ҮЭХ-оос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тус шийдвэрээ эргэн харж, зохистой шийдвэрт хүрэхийг хүссэн мэдэгдэл хүргүүлэхээр бэлджээ.

Тэтгэвэрт гараад гурван жилийн дотор ажилчдын 50 хувь нь нас бардаг
 
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар Зүтгүүрийн Депогийн ҮЭ-ийн дарга Б.Наранхүү "2014 онд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ тогтоолгоод хөдөлмөрийн хүнд биш, хортой нөхцөлд ажиллаж байна гэдгийг нь мэргэжлийн байгууллага тогтоогоод өгсөн. Тэгэхэд төр хуруугаа ч хөдөлгөөгүй дөрвөн жил шахуу явчхаад тэтгэврийн насыг нь нэмээд одоо татвар нэмж байгаа нь зөв үйлдэл үү?

Төмөр замчид эрүүл мэнд, амьдралаа золиосолж байж хэдэн төгрөгийн илүү цалин авч байгаа. Үүнээс илүү татвар авах нь зөв юм уу? Яагаад өөр гарц, шийдэл олж чадахгүй байна вэ? Бид энэ хууль батлагдахаас өмнө бүх ажилчнаасаа гарын үсэг цуглуулан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Гэвч ямар ч арга хэмжээ авсангүй.

Эрхэм хурлын гишүүдээ, бид та нарыг ингэ гэж сонгоогүй шүү дээ. Битгий ажилчдынхаа халаасанд гар дүр. Манай зүтгүүрийн машинч туслах 55 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэвэрт гараад гурван жилийн дотор ажилчдын 50 хувь нь нас бардаг. Тэгэхээр ямар нөхцөлд ажиллаж байгаа нь үүнээс тодорхой харагдаж байна. Эдгээр хүмүүс 60 нас хүртлээ ажиллана гэхээр галт тэрэгний аюулгүй байдал яах вэ?  Дахиж энэ ажлыг хийхэд чадвар, бие нь хүрэхгүй, энэ ажилд тэнцэхгүй гээд тэтгэвэрт гаргаж байгаа. 

Гэтэл ямар ч тооцоогүйгээр тэтгэврийн насыг нэмчихлээ. Энэ бол маш харгис шийдвэр" гэсэн юм.

Ажилчид маань тэтгэвэртээ гарч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзэх нь
 
Гэрэл зургийг mpa.mn

Зорчигчийн Вагон Депоны ҮЭ-ийн Эмэгтэйчүүдийн Хэсгийн ахлагч н.Амарсайхан "Манайх төмөр замын 60 аж ахуйн нэгж дотроос хөдөлгөөний өндөр хариуцлагатай ажил хийдэг. Нийт 1,500 ажилчнаас 1,200 нь эмэгтэй. Үүнээс 900 нь вагоны үйлчлэгч гэх ажлын байранд тогтмол ажиллагаатай байдаг. 

Эмэгтэй вагоны үйлчлэгч 17-21 төрлийн ажил хийдэг. Гаднаас угтаж авахаас эхлэн галч, цэвэрлэгч гээд бүх төрлийн ажлыг хийж байгаа. Эдгээр ажилчдыг хэвийн бус нөхцөлд 2008 онд оруулж, 50 нас хүрээд тэтгэвэрт гарахаар тогтсон. Гэтэл Засгийн газраас гаргасан үнэлэмжээр тэтгэвэрт гарах насыг шат дараатайгаар нэмэхээр боллоо. 

Төмөр замын ажлыг залуу насанд л хийдэг. Энэ нь хөдөлгөөнтэй холбоотой. Галт тэргийг аюулгүй авч явна гэдэг хүний залуудаа хийж чадах ой тогтоолт, хурдан хөдлөх, техниктэй харьцах гэх мэт чадварууд шаардлагатай байдаг. Тэгэхээр ажилчид маань тэтгэвэртээ гарч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзэх нь" гэсэн юм.

Хүргүүлсэн албан бичигт хариу өгөөгүй тохиолдолд төмөр замчид шууд болон шууд бус оролцоотой тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдэж, тэмцлээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг ҮЭ-ийн байгууллага хүлээхгүй болохоо энэ үеэр мэдэгдлээ.

МЭДЭГДЭЛ: