Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Манчестер Сити итгэл төгс тэргүүлж байна

SPS телевиз
2018 оны 1 сарын 3
SPS
Зураг зураг

Английн Премьер лигийн 22 дугаар тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр шөнө явагдлаа.

Саутхэмптон клуб Кристал Паласыг, Свонси Сити талбайдаа Тоттенхэмийг, Дэвид Моесын “Алхнууд” Вест Бромвичийг тус тус хүлээн авч тоглосон бол лигийг тэргүүлэгч Манчестер Сити клуб “Этихад” цэнгэлдэх хүрээлэндээ Вотфордтой учраа таарлаа.

Өнгөрсөн тойрогт оноо алдсан “Сити” тоглолтын эхний минутад тэргүүллийг авсан бөгөөд герман залуу Лерой Санегийн өгсөн маш хүчтэй хөндлөн дамжуулалтыг Рахим Стерлинг “чулуу” болгож чадсан. Өмнөх тоглолтын үеэр бэртэл аваад байсан Кевин Де Бройн энэхүү тоглолтод оролцсон бөгөөд дээрх гоолоос 12 минутын дараа хоёр дахь гоолыг бий болгосон.

Түүний өгсөн хөндлөн дамжуулалтыг Кристиан Кабасел өөрийн хаалганд оруулсан юм. Тоглолтын хоёрдугаар хагасын найм дахь минутад Серхио Агуэро лигийн 13 дахь гоолоо оруулснаар Манчестер Сити 3:0-ээр тэргүүллийг авсан. Харин тоглолтын 82 дахь минутад Вотфордын довтлогч Андре Грей нэр төрийн нэг гоолыг “шигтгэж”, үндсэн цаг 3:1-ээр өндөрлөлөө.

Нөгөө талд, Премьер лиг дэхь Уэльсийн цорын ганц клуб болох Свонси өөрсдийн талбайд Фернандо Льоренте, Деле Алли нарын гоолоор ялагдал хүлээсэн. Харин Вест Хэм клуб Энди Кэрроллын тоглолтын төгсгөлд оруулсан гоолын ачаар Вест Бромыг 2:1-ээр буулган авсан бол Кристал Палас клуб Саутхэмптоныг мөн үр дүнгээр хожжээ.

Ингэснээр Манчестер Сити клуб 22 тойргийн дараах байдлаар 67 оноотой лигийг итгэл төгс тэргүүлсээр байна. Тэдний араас Манчестер Юнайтед 47, Челси 45, Ливерпүүл 44 оноотой тус тус бичигдэж байна.

Зураг