Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цэцэгдэлгэрэх: Офшор бүс дэх үйл ажиллагаагаа зогсоосон албан тушаалтнууд 30 хоногийн дотор АТГ-т мэдэгдэх үүрэгтэй

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан нь офшор бүс дэх хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох хугацаа дуусгавар болж байгаа талаар өнөөдөр мэдээлсэн. 

Тэгвэл энэ талаар холбогдох албан тушаалтан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон.

Тус нэмэлт өөрчлөлтөөр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд офшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Мөн офшор бүсийн жагсаалтыг Засгийн газраас тогтоох хуулийн заалттай.

Энэ хүрээнд 2017 оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын 244-р тогтоолоор офшор бүс нутгийн жагсаалт болгож 49 орныг баталсан. Энэ тогтоол Авлигатай Тэмцэх Газарт аравдугаар сарын 04-ний өдөр ирсэн.

Уг өдрөөс хойш офшор бүс нутагт мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол 3 сарын дотор холбогдох арга хэмжээг авах ёстой. Энэ хугацаа нэгдүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл офшор бүс дэх үйл ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр дуусгавар болгох зохицуулалттай. Ингээд нэгдүгээр сарын 04-нээс 30 хоногийн дотор АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй. 

Харин Засгийн газрын 326 дугаар тогтоолоор баталсан офшор бүсэд Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонг-Конг, Швейцар зэрэг, 15 улс орны офшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн дотор авч, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх шаардлагатай" гэлээ. 

Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах ёстой байдаг.

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Нэгдүгээр сарын 15-ны дотор 2018 онд ХОМ гаргах албан тушаалтнуудын мэдээллийг АТГ-т ирүүлэх ёстой ажээ.

Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд АТГ-т мэдүүлгээ гаргах үүрэгтэй. 2017 онд 39 мянга орчим албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргажээ.