Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд нийслэлд гэмтэл, зөрчлийн нөхцөл байдал ямар байв?

ikon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар, мөн шинэ жилийн баярын өдрүүдэд холбогдох албан тушаалтнууд хариуцлагатай жижүүрт ажилласан, энэ хугацаанд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулж ямар арга хэмжээ авч ажилласан талаар танилцууллаа.

УСУГ-ын Тосганы 1 дүгээр усан сангийн ус хальжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр "Нийслэл хот орчмоор өнгөрсөн оны сүүлийн өдрүүдэд цас будран орж, Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудын холбогдох мэргэжилтэнд машин техник, хүн хүчээ бэлэн байдалд үүрэг өгч, Хот тохижилтын газраас 12 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн байдлаар автозамын халтиргаа гулгаанд бодис давсны 9 камаз, зам талбайн шүүрний 17 машин өглөөний 05:30 цагаас эхлэн ажилласан. 

Шинэ оны эхний өдрийн 08:47 цагт Баруун 4-н зам Барилгын хөгжлийн төвийн ойролцоо зам дагуу ус хальж, УБДС ТӨХК, УСУГ-ын диспетчер инженерүүдэд яаралтай шалгаж, 09:05 цагт төвийн хариуцлагатай жижүүр Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад дарга нар газар дээр нь ажиллалаа.

УСУГ-ын Тосганы 1 дүгээр усан сангийн ус хальж, үерийн далан уруу орсон, ус зам талбай руу хальсан гэмтэл гарсныг Бөмбөгөрөөс Баруун 4 зам хүртэлх замын нэг талын урсгалыг 10:40-16:30 цагийн хооронд хааж, УСУГ-аас 10 техник, 200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллан автозамын мөстсөн хэсгийг цэвэрлэж, 35 рейсээр 180 тн усыг үерийн далангаас соруулан зайлуулж, 18 рейсээр 18 тн мөсийг цэвэрлэн, автозамын халтиргаа гулгаанд 4 тн давс зарцуулж, ХТГазраас 7 техник ажиллаж 4 тн бодис зарцуулж ажилласан” гэв.

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 137 дуудлагыг хүлээн авчээ

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор цаг агаар өдөртөө 18-20 хэм, шөнөдөө 28-30 хэм хүртэл хүйтэрч зарим өдөр бага зэргийн цас орох урьдчилсан төлөвтэй байна.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 137 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 123, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 14 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд нийслэлийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар нийслэлийн Онцгой комиссын даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай” 03 дугаар тушаал гаргуулан, холбогдох 29 байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.

“Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” шинэ жилийн арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгой зэрэг газруудад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл нийт 84 албан хаагч, 7 авто машин техник хэрэгсэлтэйгээр галын аюулгүй байдлыг хангуулан, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажилласан” гэж танилцуулав.

620 зөрчлийг газар дээр нь арилгуулав

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулсан хяналт шалгалтад 1,045 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж 860 зөрчил илрүүлсэн. Үүнээс 620 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 17 албан шаардлага хүргүүлэн, 9.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

2, 3 дугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг хийнэ

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2018 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 дүгээр сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах, 2, 3 дугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах нь зүйтэй” гээд “Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах, “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.