Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо өмнөх оноос 29 хувиар өсжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр шинэ жилийн баярын өдрүүдэд холбогдох албан байгууллагууд хэрхэн ажилласан, энэ хугацаанд үүсэн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлэн ажилласан.

Энэ хугацаанд 6,786 дуудлага мэдээлэл, 362 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25,121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2,794 нэгж буюу 11.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1,265 үйлдэл бүртгэгдсэн нь 35 нэгж буюу 2.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Нийт 2,312 алба хаагч өдөр бүр үүрэг гүйцэтгэж, давхардсан тоогоор явган эргүүлийн 1,380 чиглэлд 3,512 алба хаагч, авто эргүүлийн 248 автомашинд 496 алба хаагч, цагдаагийн 16 хэсэгт 128 алба хаагч ажиллаж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 829 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 7,256 иргэнийг 209.637.500 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 153 жолоочийн зөрчлийг илрүүлж, эргүүлийн чиглэлд үйлдэгдсэн 30 гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжлан, халуун мөрөөр нь илрүүлж, таслан зогсоож ажилласан байна” гэж танилцуулав.

Гарч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн 829 иргэнийг 2017 оны арванхоёрдугаар сарын 28-наас-31-ний өдрүүдэд эрүүлжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар өссөн дүнтэй байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буурчээ

НЦГ-ын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4,369 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 120, зөрчлийн шинжтэй 4,249 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1,414 ослыг материалжуулан шалгаж байна.

Гудамж замд хийсэн шалгалтаар 2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 910 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 678 бүртгэгдсэн нь 25.5 хувиар буурсан байна” гэлээ хэмээн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.