Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн засгийн газар цалингийн доод хэмжээг 40 хувиар өсгөлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро телевизийн сувгаар ард түмэнд шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмж байгаагаа зарлажээ.

Тэр энэ алхмаа Вашингтоны өдүүлсэн эдийн засгийн дайнаас ажилчин ангийг хамгаалах арга хэмжээ гэж нэрлэсэн байна. Нэгэнт эдийн засаг нь үхлийн эргүүлэгт ороод байгаа тус улсын хувьд ингэх нь байдлыг бүр дордуулна гэж эдийн засагчид үзэж байгаа юм.

Шинэ журам нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд цалингийн доод хэмжээ нь 797,510 боливар болох гэнэ. Венесуэлийн эрх баригчид 2017 оны турш зургаан удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоогоод байгаа юм.

Гэвч дээр дурдсан цалингийн хэмжээ нь хар захын валютын ханшаар ердөө $7 гаруй болох гэнэ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл хугацаанд хүнсний барааны үнэ 1,369 хувь өсөөд байгааг Венесуэлийн сөрөг хүчнийхэн мэдээлжээ. Тус улсын инфляц сүүлийн гурван сарын турш 50 хувьтай, сүүлийн гурван жилийн турш 3 оронтой тоотой байгаа юм.

Засгийн газар нь 2015, 2016 онуудад инфляцийн хэмжээгээ тус тус 180, 240 хувь хэмээн зарлаж байсан бол сүүлдээ мэдээллэхээ больсон байна.

Венесуэлийн эдийн засгийн хямрал социалист чиг баримжаатай бодлогоос нь болж байгааг судлаачид тайлбарладаг. Гэвч Мадуро шинэ жилийн мэндчилгээнийхээ 30 минутын ихэнх хэсэгт гадаад дотоодын олон хүчин зүйлсийг хямралд буруутган ярьжээ.

 

Эх сурвалж: Independent