Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп 2018 оны анхны мэдэгдлээрээ Пакистаныг довтлов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Твиттер сүлжээнд мэдэгдэл хийдгээрээ алдартай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  2018 оны анхны жиргээндээ Пакистан улсыг хатуу шүүмжилжээ.

Тэрээр Исламабадын эрх баригчдыг олон тэрбумын тусламж авдаг ч хариу дэмжлэг үзүүлдэггүй, хуурдаг, арга заль хэрэглэдэг хэмээн буруутгасан байна.

Трамп бас Афганистанд Америкчуудтай тулалдаж байгаа террористуудыг Пакистан улс дэмждэг, нутаг дэвсгэртээ орогнуулдаг гэж хэлжээ.

Түүний мэдэгдэлд “АНУ сүүлийн 15 жилийн турш $33 тэрбумыг Пакистанд өгсөн ч тэд хариуд нь манай удирдагчдыг тэнэг мэт үзэж, хуурч, залилахаас өөр зүйл хийсэнгүй. Мөн бидний Афганистанд тэмцэж байгаа террористуудыг тэд хаацайлж, орогнуулж байна. Дахиж ингүүлэхгүй!” гэсэн юм.

АНУ нь Пакистаныг “NATO-гийн гишүүн бус гол холбоотон” ангиллын 16 орны нэгэнд тооцож, санхүү, цэргийн технологийн тусламж дэмжлэг байнга үзүүлдэг. 2002 оноос хойш Исламабадад $33 тэрбумын тусламж үзүүлсэн гэдэг.

Гэвч 2016 оноос эхлэн холбоотнуудын харилцаа муудаж эхэлсэн юм. Өнгөрсөн наймдугаар сард Трамп Өмнөд Ази, Афганистанд баримтлах стратегиа танилцуулахдаа Пакистаныг “террористуудын диваажин” гэж нэрлээд энэ байдлаа өөрчлөхгүй бол тусламжаа бууруулна гэж мэдэгдсэн байна.

Тухайн үед Цагаан ордон терроризмтай тэмцэхэд нь зориулж туслах гэж байсан $255 саяыг Пакистанд олгохоо түдгэлзүүлсэн юм.

Трампын мэдэгдлийн дараа Пакистаны тал хариу мэдэгдэл хийжээ. “Бидэнд АНУ-ын санхүүгийн тусламж хэрэггүй. Хэрвээ Америкчууд тусламжаа зогсоохыг хүсэж байвал, бид тэг тэг гэж чанга дуугаар хэлнэ” хэмээн Пакистаны гадаад хэргийн сайд Мухаммад Файсал орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Пакистаны ерөнхий сайд Шахид Хакан Аббаси болон бусад армийн дээд албан тушаалтнууд террористуудыг хаацайлж, орогнуулдаг гэсэн Вашингтоны мэдэгдлийг эрс няцаасан байна.

Трамп мөн шинэ оны эхний мэдэгдэлдээ Иранд болж байгаа иргэдийн тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн Пүрэв гарагаас эхлэн Ираны том хотуудад засгийн газрын эсрэг иргэдийн жагсаал тэмцэл эхлээд байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр цагдаа ба иргэдийн хоорондын мөргөлдөөний улмаас доод тал нь 10 хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн баривчлагдаад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today