Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Утааг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээг цогцоор нь шийднэ гэв

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын тамгын газарт тус тус ажиллалаа.

Тэрбээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна

Монгол Улсын Засгийн газар ирэх лхагва гаригт 2018 оны анхны хурлаа утааны эсрэг зохион байгуулах юм.

Сайд Г.Занданшатар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралдаанд оролцож утааг бууруулахад гэр, байшин, орон сууцтай иргэдэд тус бүрт нь тохирсон дулаан хадгалалт, хамгаалалтын аргыг нэвтрүүлэх нь чухал гэлээ. Улмаар 2019 он хүртэл богино, 2021 он хүртэл дунд, 2025 он хүртэл урт хугацаанд мөрдөж ажиллах төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагаас утааг бууруулахад хувь нэмрээ оруулах олон санал, төсөл ирүүлсний дээр Засгийн газраас ч төрөл бүрийн ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээрийг зэрэгцүүлж хэрэгжүүлэхэд тухайн зорилтот бүлэгтээ хүрч илүү үр дүнг үзүүлнэ гэлээ.

 

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны  нэгэн өрх 100 мкв байшиндаа сайтар дулаалга хийснээр дулаан алдагдал нэг дахин буурч, халаалтаа цахилгаан халаагуураар шийдвэрлэснээр өрхийн сарын зардал 3 дахин багассан.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд иргэн Ц.Мөнхбаатарын зохион бүтээсэн “Нүүдэлчин” зуухыг 2 айлд байршуулсан нь нүүрсний хэрэглээг нь 2 дахин бууруулсан зэрэг иргэдийн хувьдаа авч хэрэгжүүлж буй сайн арга олон байна.

 

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах замаар агаар орчны бохирдлыг арилгахын тулд зорилтот бүлгүүдийн нарийвчилсан судалгааг яаралтай гаргахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Энэ хүрээнд яг одоо зах зээлд бэлэн болсон 40,000 орчим орон сууцыг утааны эсрэг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж танилцуулахыг ажлын хэсгийнхэнд ЗГХЭГ-ын дарга даалгалаа.

Мөн түүхий нүүрсний хэрэглээг хумих, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглох боломж нөхцлийн талаар богино хугацааны шийдэл боловсруулах үүрэг өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.